Боловсролын сайд П.Наранбаяр, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар Баянзүрх дүүргийн 38-р хороонд байрлах Баганат хороололд 1500 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 189 дүгээр сургуулийн барилгын гүйцэтгэлтэй танилцлаа.
Ерөнхий гүйцэтгэгчээр “Баганат өргөө” ХХК 9.675 м.кв талбай бүхий дөрвөн давхар, нийт 47 анги, хоёр спорт заалтай тус сургуулийг хугацаанаас нь нэг жилийн өмнө барьж дуусгасныг 2025 оны 12 дугаар сарын 30-нд Улсын комисс хүлээн авчээ. Боловсролын сайд шаардлагатай тоног төхөөрөмжөөр нь яаралтай хангаж, Цагаан сарын дараагаас үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Нийслэлийн хэмжээнд 2026 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийт 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барих аж. Тодруулбал, улсын төсвөөр таван сургууль, гурван цэцэрлэг, нийслэлийн төсвөөр есөн сургууль, есөн цэцэрлэг, дүүргийн төсвөөр нэг сургууль, нэг цэцэрлэг, Азийн хөгжлийн банкны зээлээр 15 сургууль, нэг цэцэрлэг барих юм байна. Боловсролын салбарт нийт 137 төсөл, арга хэмжээ хэрэгжих юм. Өнөөдрийн байдлаар он гарснаас хойш дөрвөн сургууль, нэг цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд нийт долоон сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байна.
Нийслэлийн хэмжээнд 2025 онд долоон сургууль, 19 цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хоёр спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгчээ. Ингэснээр 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой болсон байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)