Дэлхийн банкнаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нийтэлсэн “Монголын эдийн засгийн тойм” тайланд төгрөгийн бодит үйлчилж буй ханш чангарсныг онцолжээ. Тухйалбал, “ам.доллартой харьцах төгрөгийн нэрлэсэн ханш 2021 онд харьцангуй тогтвортой байж ердөө 1.3 хувиар суларсан бол юаний эсрэг 8 хувиар суларчээ. Дотоод инфляц хурдацтай нэмэгдэж эхэлснээр төгрөгийн бодит ханш 2021 оны хоёрдугаар хагаст их хэмжээгээр буюу 5 хувиар чангарчээ” гэсэн байна.
Тус тайланд ханшийн энэхүү хөдөлгөөнийг Монголбанкны интервенцтэй холбон “төгрөгийн ханшийг огцом сулруулахгүйн тулд төв банк гадаад валютын интервенц хийж байсан нь гадаад валютын нөөцийг дундруулахад хүргэв” гэж тайлбарласан бөгөөд гадаад шокын үед ханшийг уян хатан байлгаж, сөрөг нөлөөг нь ханшинд шингээх хэрэгтэйг зөвлөсөн байна:
“Монгол Улс импортоос үлэмж хамааралтай, ханшийн инфляцад үзүүлэх нөлөө өндөр тул чөлөөтэй хөвөгч ханшаас болгоомжлохыг ойлгож болно. Гэхдээ өнөөгийн нөхцөлд хийж буй валютын интервенц, валютын арилжааны хязгаарлалтуудыг удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй бөгөөд зах зээлийн итгэлцэлд сөргөөр нөлөөлж, долларжилтыг өдөөх эрсдэлтэй. Иймд төв банк инфляцыг зорилтот түвшинд хүргэж бууруулах, бодлогын хүүгээ өсгөх бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд харин гадаад шокийн сөрөг нөлөөг ханшинд шингээх хэрэгтэй”.
Бодит үйлчилж буй ханш гэж юу вэ?
Бодит үйлчилж буй ханш (REER) гэдэг нь аливаа орны валютын ханш худалдааны гол түнш орнуудын валютуудын эсрэг хэрхэн өөрчлөгдөж буйг харуулах индекс бөгөөд, ингэхдээ үнийн өсөлтийн нөлөөг арилгасан бодит утгыг илэрхийлдэг. REER чангарах нь тухайн орны мөнгөн тэмдэгтээр экспорт хийхэд илүү үнэтэй болж, харин импорт хямдарч улмаар гадаад худалдааны өрсөлдөх чадвар суларсныг илэрхйилдэг байна.
Цар тахал, геополиткийн асуудал дунд улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш сулрах, инфляц нэмэгдэх нийтлэг дүр зураг харагдаж буй. Монгол улсын хувьд REER чангарсан нь дотоодын инфляц болон худалдааны түнш улс орнуудын мөнгөн тэмдэгттийн ханшийн хөдөлгөөнтэй харьцуулахад төгрөгийн нэрлэсэн ханш хангалттай сулраагүйг илтгэнэ.
Нийт сэтгэгдэл (0)