Манай улсад байнгын ажиллагаатай томоохон усан цахилгаан станц ч байхгүй, энэ талаар нэг жилийн өмнөөс ярьж байсан ч, одоо бидний нүдэнд үзэгдэж, гарт баригдсан юм алга. Харин сэргээгдэх эрчим хүч ашиглах тухай ярьж эхэлснээс хойш өдийг хүртэл дорвитой өөрчлөгдсөн зүйл юу байна вэ?
Одоогоор сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр улсын хэмжээнд томоохон дөрвөн төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийн үр дүнгийн талаар хөндөлгүйгээр явцынх нь талаар тодрууллаа.
1. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
БНХАУ-ын Экзим банкнаас нийт 288,500,000 ам.доллар санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, тусламж болон холимог хэлбэрээр авчээ. Үүнээс 271,100,000 ам.долларыг нь зээлээр авсан. Таван жилийн хугацаанд хэрэгжих энэ төслийн хариуцагч нь ЭХЯ, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл.
Ач холбогдлын хувьд баруун бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах аж. Төсөл хэрэгжиж чадвал баруун бүсийнхэн эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангах төдийгүй, байгальд хор нөлөөгүй, хямд өртөг бүхий эрчим хүчээр хангагдсанаар улсын төсвөөс авах татаасыг тэглэнэ. Усаа ашиглан аялал жуулчлал, загасны аж ахуй хөгжүүлэх, цаг агаарын хувьд чийгшил нэмэгдэж, малын бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг бууруулах үр дүнтэй.
Яг одоо хэлэлцээрийн шатанд явж байгаа гэх албан мэдээлэл байгаа ч, манай улс оросоос шатахуун болон эрчим хүчээ худалдан авдаг болохоор оросын талаас саатуулсаар байгаа гэх яриа чих дэлсдэг. Нутгийн зарим иргэдийг ч тусгай даалгавраар эсэргүүцэл илэрхийлдэг гэх эх сурвалж байна.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар Н.Тавинбэх сайд ярихдаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар дурдсан. Үүндээ нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалан тэдэнд нөхөн төлбөр олгоно, мөн 2028-2030 онд ашиглалтад оруулна гэж хэлж байна билээ. Эрдэнэбүрэн-Мянгат гэх зэрэг хэд хэдэн чиглэлд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барина гэж бас мэдэгдсэн.
2.Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл
АХБ-ны 66.22 ам.долларын холимог хэлбэрийн санхүүжилттэй. 14.6 м ам.доллар нь буцалтгүй тусламж, үлдсэн нь хөнгөлөлттэй зээл аж. 2019-2023 оны хооронд хэрэгжих бөгөөд ЭХЯ уг төслийг хэрэгжүүлэгч нь.
Одоогийн байдлаар барилга угсралтын ажлуудаа эхлүүлээд байгаа аж. Тендерийн материал болон судалгааны ажилд эхний жилийг зарцуулжээ. Харин ковидын нөхцөл байдлын улмаас тендерийн шаардлагад нийцэх байгуулага гарч ирэхгүй саатаж сунжирсаар барилга угсралтын ажлууд нь саяхнаас эхлээд байгаа юм байна.
Төсөл хэрэгжвэл баруун бүсийн алслагдсан сум, орон нутгийнхан цахилгаан хэрэглэх боломжтой болох аж. Гол нь нүүрсний дулааны эрчим хүчийг ашиглахгүй, зөвхөн нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гэсэн. Импортын эрчим хүчний хэрэгцээ ч буурах аж.
3. Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл
АХБ-наас зээл болон тусламжийн хэлбэрээр 103.0 сая ам.долларын санхүүжилттэй. Үүнээс зээлийн санхүүжилт нь 100.0 сая ам.доллар, 2020-2025 онд хэрэгжинэ.
Ач холбогдлын хувьд, ДЦС-уудад ирэх ачаалал буурах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээрээ оргил ачааллын үеийн эрчим хүчийг хангах, системд “тэг” зогсолт үүсэх эрсдэлээс сэргийлэх аж. Энэ төсөл нэлээд амжилттай хэрэгжиж байгаа гэхэд болно. Хоёр ч тендер зарласны нэг нь болох зөвлөх үйлчилгээний баг шалгаруулах тендерт Германы компани шалгараад байгаа аж. Харин батерейний нөөцлүүрийг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбоотой өнгөрсөн жил зарласан нөгөө тендерийнх нь ерөнхий гүйцэтгэгчийг нь одоо тун удахгүй шалгаруулах гэж байгаа юм байна.
4. Дэлхийн банкны "Эрчим хүчний төсөл-2"
Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци, Монгол Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хэлбэрээр санхүүжиж байгаа. Нийт санхүүжилт 54.4 сая ам.доллараас 42.0 сая ам.доллар нь зээл.
Нэлээд ахицтай үргэлжилж байгаа төсөл. Багануур дүүрэг, Булган, Архангай, Говьсүмбэр аймгийн барилга угсралтын ажлуудын гүйцэтгэл 100 хувьтай байна. Харин Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Орхон, Хэнтий аймаг, Хархорин, Бор-Өндөр, Замын-Үүд сумын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 45 хувьтай байгаа аж.
Эрдэнэт хотод 35/6 кв-ын, Сайншанд суманд 35/10 кв-ын, Ховд аймгийн Мянгад суманд 110/35/6 кв-ын дэд станцыг 2*25 МВА чадалтай болгон өргөтгөн шинэчлэх, шинээр барих ажлуудыг дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
Удахгүй болох "Монголын эдийн засгийн форум-2022" чуулга уулзалтыг угтан зохион байгуулсан хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэргээгдэх эрчим хүчний талаар 22 төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж нэлээд зоригтой дуугарсан. Эрчим хүчний үнэ ч нэмэгдэх бололтой. Гэхдээ сайд аа, таны яриад байгаа 22 төсөл дээр одоо байгаа дөрвөн төслийг оролцуулаад ч, эрчим хүч импортолдог байдал хэвээр байх юм биш үү?
2020 онд нийтдээ 8850.5 сая квт.ц эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчид нийлүүлсний 649.4 сая квт.ц эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчнээс нийлүүлжээ. Төрийн бодлогын дагуу манай улс 2030 он гэхэд нийт эрчим хүчний хэрэгцээнийхээ 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэдэг. Гэхдээ энэ 30 хувьдаа хүргэн эрчим хүчээр хангаж чадахгүй гэж салбарын тань эрдэмтэн, мэргэжилтнүүд үздэг юм билээ.
Учир нь заавал шийдвэрлэх ёстой нэг том асуудлыг төрөөс орхигдуулсанд байгаа аж. Тодруулбал, сэргээгдэх эх үүсвэрүүдийн чадлын хэлбэлзлийг тухай бүр тохируулах хүчин чадлыг эрчим хүчний системд огт бүрдүүлээгүй байгаа юм. Үүнийгээ ч салбарын сайд хальт дурьдсан.
Тохируулах систем гэдэг нь 250 мегаватт хүртэлх хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр. Энэ эх үүсвэр нь нар, салхинаас цахилгаан үйлдвэрлэж байх үед нар гарахгүй байх, салхигүй тогтуун байх гэх мэт тохиолдолд эрчим хүчээ үйлдвэрлэж чадахгүй байх үед үүсэх нөхцөл байдлыг чадлын хэлбэлзэл гэж ойлгож болох юм. Ийнхүү цахилгаан гаргаж авч чадахгүй үед нь тохируулга хийхгүй бол доголдсон үеийн цахилгаанаа дахиад л хөрш зэргэлдээ улс орнуудаасаа худалдан авах болчих гээд байх шиг.
Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн хугацаанд 40 гаруй хувийн хэвшилд нар, салхины эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл олгожээ. Мөн уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэрүүд баригдсанаар дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь өөрсдөө хангана гээд байгаа.
Гэтэл хувийн хэвшил болон улсаас хичнээн их эх үүсвэр барилаа гээд чадлын хэлбэлзлийг нь тохируулж чадахгүй бол дотооддоо эрчим хүчээ 100 хувь хангах бололцоогүй. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүчний тохируулгын эх үүсвэр байхгүй бол цаашдаа баригдаж, хэрэгжих төслүүдийнхээ чадлын хэлбэлзлийн тохируулгыг хойд хөршөөс импортлохоос өөр аргагүй. Энэ нь нэгдүгээрт үнэтэй, хоёрдугаарт хойд хөршөөс эрчим хүчний хувьд хараат хэвээр, хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангах гэсэн төрийн бодлого хэрэгжхээргүй харагдаад байгаа. Сэргээгдэх эрчим хүч тэгэхээр100 хувь найдвартай биш гэдгээ сайд өөрөө хэлсэн.
Одоо тэгэхээр төсөл нэмэх талаар биш, эрчим хүчний тохируулгаа хэрхэн шийдэх талаар илүү далайцтай ярьсан нь дээр биш үү, сайд аа?
хэн ч биш [103.50.205.159]
одоо тог тасрахаар яах юм бэ энэ мэтийгээ хийж тунгааж мэддэггүй юм биш үү энэ салбарын хүмүүс нь өөосдөө