Инфляц

Бодлогын хүү

Монголын анхны хөрөнгө оруулалтын зэрэглэл бүхий бондын арилжааны цанг цохилоо

"АШИД КАПИТАЛ" ББСБ-ын нээлттэй хүрээнд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол өнөөдөр /2023-06-29/ “Монголын хөрөнгийн бирж”-ийн арилжааны танхимд зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж”-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Санхүүгийн Зохицуулах Хороо”-ны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, “Ашид Капитал ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батжаргал болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Цан цохих ёслолыг нээж Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: “М Си Эс Холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар үүсч хөгжсөн "АШИД КАПИТАЛ" ББСБ нь дэвшилтэт технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд дижитал зээлийн Simple аппликейшнийг нэвтрүүлж, харилцагчдынхаа итгэлийг хүлээн, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн байна. Өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулж жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийг нээлттэй хүрээнд санал болгож, 20.0 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж, хүүгийн төлөлтийг улирал тутамд төлөхөөр төлөвлөжээ.

Татан төвлөрүүлэх хөрөнгөө эргэлтийн хөрөнгийн санхүүжилт буюу зээлийн багцаа нэмэгдүүлэхэд зориулахаар төлөвлөсөн үнэт цаас гаргагч нь эргэн төлөлтийг харилцагчдад олгосон зээлийн багцаас бий болгох хүүгийн орлого, үндсэн төлөлтийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэхээ мэдэгдсэн байна.

Өнөөдрөөс эхлэн “Монголын хөрөнгийн бирж”-ийн арилжааны системээр дамжуулж ажлын 5 хоногт анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг хүлээн авах болно. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж байна. "АШИД КАПИТАЛ" ББСБ-ын хамт олонд баяр хүргэж, арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсье” гэв.

Мөн энэ үеэр Санхүүгийн Зохицуулах Хороо”-ны Дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ: "Санхүүгийн зохицуулах хороо” нь АШИД КАПИТАЛ" ББСБ хувийн хэвшлийн байгууллагуудаас анх удаа дотоодын зэрэглэл тогтоох байгууллагаар зэрэглэлээ тогтоолгосон үйл явдлыг онцолж байна. "Санхүүгийн зохицуулах хороо” 2022 оны 6 дугаар сард Санхүүгийн чадавхын зэрэглэл тогтоох тусгай зөвшөөрлийг “Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси” ХХК-д олгосон. Нэг жилийн хугацаанд энэ байгууллага дотоодын санхүүгийн зах зээлд зэрэглэл тогтоох үйлчилгээг шинээр нэвтрүүлж, “Ашид капитал ББСБ”-д BBB+ буюу “Хөрөнгө оруулалтын дундаж зэрэглэлтэй” гэсэн үнэлгээг өгсөн болохыг онцоллоо.

Үйл ажиллагааны төгсгөлд “Ашид Капитал ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батжаргал нээлтийн ажиллагааны цан цохих ёслол үйлдэж, “Монголын хөрөнгийн бирж”-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээсэн юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.