Байгаль орчин, аялал жуулчлалын яам, planetGOLD Монгол төсөл хамтран 2022 оны 6 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд “Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн, түүнийг орлуулах боломж” болон “Бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Говь-Алтай, Сэлэнгэ, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллагуудын мэргэжилтэн, судлаачид оролцов.
Монгол Улс Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцыг 2015 онд соёрхон баталж, нэгдэн орсон билээ. Энэ хүрээнд салбаруудад хэрэглэгддэг мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг орлуулах, алтны хүдэр боловсруулалтад ашиглаж байгаа мөнгөн усны хэрэглээг бууруулах үндэсний зорилгыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтаар оролцогч талууд мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг орлуулах боломжийг хэлэлцэж цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцав. Мөн бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээнээс үүдсэн эрүүл мэндийн нөлөөлөл, бичил уурхайн албажуулалтын ач холбогдлын талаарх мэдээллийг өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дашрамд дурдахад Дэлхийн мөнгөн усны үнэлгээгээр хүний үйл ажиллагаанаас хамааралтай мөнгөн усны ялгарлын 38% нь алтны бичил уурхайгаас ялгарч байгааг тогтоосон байдаг. Иймд Минаматагийн конвенцод алтны бичил уурхайд авч хэрэгжүүлэх стратеги, зохих арга хэмжээнүүдийг тусгасан байна. Бичил уурхайн асуудал нь нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлсээс хамаарч байдаг учраас мөнгөн усны хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж буй эрсдэлийг бууруулахад салбар дундын зохицуулалт, бүх оролцогч талуудын хамтын ажиллагаа туйлын чухал юм.
Нийт сэтгэгдэл (0)