Инфляц

Бодлогын хүү

“Цахим баримтын төрөл зүйлүүдийн зохион байгуулалт, бүрдүүлэлт” сэдэвт ОУ-ын форумд урилгаар оролцлоо

Монгол Улсын Архивын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний архивын газар нь 2011 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-ын Үндэсний архивын газраас Архивын ерөнхий газрыг Олон улсын архивын анхдугаар чуулга уулзалтад зочин илтгэгчээр оролцохыг урьсан тул “Цахим баримтын төрөл зүйлүүдийн зохион байгуулалт, бүрдүүлэлт” сэдэвт олон улсын форумд Монгол Улсыг төлөөлж, Архивын ерөнхий дарга С.Энхбаатар, Гадаад харилцаа сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Дарьсүрэн нар оролцож, БНСУ-ын Сөүл болон Бусан хотуудад албан айлчлал хийлээ.

  Айлчлалын хугацаанд БНСУ-ын Сөүл хот дахь архивын газар, Бусан хот дахь Түүхийн архиваар зочлон, архивын сан хөмрөгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. 

  1. Сөүл дахь архивын газар

  БНСУ-ын Сөүл дахь архивын барилга нь дэлхийд тэргүүлэгч НАРА-ийн технологиор орчин үеийн шийдэл бүхий газрын дээрх 7 давхар, газар доорх 3 давхар барилгад 4 сая орчим хадгаламжийн сантайгаар үндэсний  архивын үйл ажиллагаа явуулдаг.   

  Цаасан суурьтай болон тусгай төрлийн баримтуудыг онцлог шинж чанарын дагуу төрөлжүүлэн давхар бүрт нь хадгалж, дэргэд нь архивын нарийн мэргэжлийн үйл ажиллагаа болох дуу авианы архивын лаборатори, сэлбэн засах сэргээн шинэтгэх лаборатори, архивын баримтыг ариутгах, хүчилгүйжүүлэх лаборатори, байгууллагын хэмжээний технологийн лаборатори байрладаг бөгөөд цаасан болон тусгай төрлийн баримтыг сэргээн засварлах, шинэчлэх үйл ажиллагааг эдгээр лабораториудад гүйцэтгэдэг байна.

  Олон нийтэд зориулсан үзэсгэлэнгийн танхимдаа Солонгосын Горёо хааны үе болох 1451 оны баримтаас аваад Солонгосын хаадын үеийн эд өлгийн дурсгалт зүйлс, Солонгос улсын цэцэглэлтийн эрин үе, Японы эзлэн түрэмгийлэл, Солонгосыг чөлөөлөх дайн, БНСУ-ын Үндэсний архивын газрын үүсэл хөгжил, он цагийн хэлхээс, Солонгосын үндэсний архивын газрын анхны төлөвлөлт болон өнөөгийн архивын хөгжил цэцэглэлт зэрэг түүхэн баримтуудаар дэглэсэн өргөн цар хүрээтэй үзэсгэлэнг байнгын ажиллагаатай ажиллуулж байна.

  Газар доорх 3 давхар бүхий байгууламждаа БНСУ-ын үндэсний хэмжээний түүхэн үнэт болон нэн үнэт, ховор баримтуудыг тусгай хадгалалтын горим, технологийн дагуу шилэн хоргонд хадгалж, байрны чийгшил, дулааны температурыг автоматаар тохируулсан байдаг бөгөөд БНСУ-ын түүхэн эд өлгийн зүйлс болох хааны нэрэмжит одон медалиуд, дурсгалын зүйл гэх зэрэг ховор нандин үзмэрүүд хадгалагддаг.

  Сөүл хот дахь архивын газар нь архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр дэлхийн тэргүүлэгч байгууллагын нэг бөгөөд дотоод болон гадаад улс оронд хадгалагдаж байгаа архивын баримтыг системтэйгээр бүртгэх, хадгалах, цахим албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг улс орны хэмжээнд мөрдүүлэн хэрэгжүүлдэг. 

  Мөн архивын удирдлагын систем, ISO стандартууд, Олон улсын архивын зөвлөлөөс гаргасан сүүлийн үеийн шинэ стандартыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн боловсруулан баталж, БНСУ-ын хэмжээнд 43 стандартыг мөрдүүлж байна.

  Улсын хэмжээнд хадгалагдаж буй түүхэн баримтын 60%-ийг цахимжуулаад байгаа бөгөөд цахим баримтын аюулгүй байдлыг хангах зорилгоор Койкагийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг.  

  Орчин үеийн албан хэрэг хөтлөлтийн бүртгэлийн менежментийг боловсронгуй болгох, ажил гүйцэтгэх дамжлагыг хөнгөвчлөх, бүтээмж сайжруулах зорилгоор цахим архивын парадигмыг цахим бүртгэлд шилжүүлэн, архивын баримтыг анхлан бүртгэхээс эхлээд байнгын хадгалалт, ашиглалт хүртэлх бүх урсгалыг цахимаар удирддаг системийг нэвтрүүлэн ажилладаг байна.

  2. Бусан дахь Үндэсний түүхийн архив

Пусан хотод байрлах архивын байр нь газар дээрх 2 давхар, газар доорх 4 давхар байгууламжаас бүрддэг бөгөөд Дэлхийн өвд бүртгэгдсэн Жусон гүрний он цагийн хэлхээс бүхий тэмдэглэлийн Тэбексан хуулбарыг хадгалдаг. Энд БНСУ-ын Засгийн газар байгуулагдахаас өмнөх үеийн бүртгэл, хэвлэлтийг гүйцэтгэж, нөөц архивын үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ба Дэгү-Кёнбүк болон Пусан-Кённам бүсийн бүртгэл мэдээллийг нэгдсэн удирдлагаар ханган, баримтын хадгалалт хамгаалалт, ашиглалтын үйлчилгээг хариуцдаг.

  3. БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдсан Олон улсын архивын анхдугаар чуулга уулзалтад зочин төлөөлөгчөөр оролцсон тухай

  БНСУ-ын Үндэсний архивын газраас Олон улсын архивын анхдугаар чуулга уулзалтыг 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Бусан хотод зохион байгууллаа. Тус арга хэмжээнд дэлхийн 6 улсын 400 гаруй төлөөлөгчид оролцсоноос 100 гаруй төлөөлөгчид биечлэн, БНСУ-ын үндэсний хэмжээний архивын байгууллагын 300 гаруй төлөөлөгчид цахимаар оролцлоо.

  Чуулга уулзалтын үйл ажиллагааг БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд ноён Sang-min Lee нээж, мэндчилгээ дэвшүүлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

  Тус чуулга уулзалтад Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар баяр хүргэн үг хэлж, зочин илтгэгчээр оролцлоо.

  Чуулга уулзалтын үндсэн илтгэлд БНСУ-ын Үндэсний архивын газрын ахлах архивч хадагтай Gemma Lee “БНСУ дахь цахим архивын баримтын төрөл зүйлүүд, түүний бүрдүүлэлт, зохион байгуулалт”, Их Британи Улсын Үндэсний архивын газрын цахимжуулалт хариуцсан захирал John Sheridan “Их Британийн цахим архивын баримтын зохион байгуулалт, бүрдэл түүний арга хэрэгсэл”, Шинэ Зеланд Улсын Үндэсний архивын газрын ахлах архивч  Stephen Clarke “Шинэ Зеланд дахь архивын баримтын цахимжуулалт, арга хэрэгсэл, өнөөгийн байдал, явц”,  Швед Улсын Үндэсний архивын газрын мэдээлэл системийн газрын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Goren Samuelsson “Швед дахь цахим баримтын удирдлага болон бүрдүүлэлт” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн ба  БНСУ-ын орон нутгийн болон үндэсний архивын газрын төлөөлөгчид хэлэлцүүлэгт оролцож, дэлхийн дахины архивын баримтын цахимжуулалтын өнөөгийн байдал, үндэсний хэмжээний архивын баримтын цахимжуулалтын судалгаа, азийн болон европын улс орнуудын цаг уур, орчны болон бүсчлэлээс хамаарсан цахим архивын баримтын ололттой ба дутагдалтай талууд, азийн зарим улс орны туршлагыг нэвтрүүлэхийн ач тус, архивын баримтын нөөц хувь үйлдэх үр нөлөө, цаасан суурьтай болон тусгай төрлийн баримтын гэмтэл түүний шалтгаан, эх баримтыг эргэлтээс гаргасны ач холбогдол, цаашид архивын баримтыг цахимжуулах хэтийн төлөв, чиг хандлага зэргийн талаар харилцан санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.

 

 

Эх сурвалж: Архивийн ерөнхий газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.