Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач?
-Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Булган, ээж Архангай аймгийнх. Би дунд сургуулиа Ирээдүй цогцолборт төгссөн. Олон нийтийн ажилд дуртай, нийгмийн идэвхтэй охин байсан. 2003 онд Отгонтэнгэр Их сургуулийг нягтлан бодох мэргэжлээр төгссөн. Нөхөр, дөрвөн хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26-р хороонд амьдардаг. Нөхөртэйгөө танилцаж, ханилаад 25 жил болж байна. Их сургуулиа төгсөөд, хамтдаа Солонгост таван жил ажилласан. Монголдоо ирээд машин засварын газар нээж, өнөөг хүртэл 16 жил ажиллуулж байна.
– Эмэгтэй хүн машин засварын газар ажиллуулдаг гэхээр сонин, содон байна л даа. Ер нь энэ төрлийн бизнес эрхлэхэд юунд илүү анхаардаг вэ?
-Энэ бизнесийн амин сүнс нь хүн чанар, итгэл, хариуцлага юм. Учир нь хүний амь нас, эд хөрөнгө, амьдралтай шууд холбоотой байдаг. Үйлчлүүлэгчээ хуурч, сэтгэлгүй, дутуу дулимаг хандаж огт болохгүй. Дугуйны нэг боолт дутуу бооход л ямар аюултай билээ. Холын замд гараад явахад ямар нэг асуудал үүсвэл яах вэ? Хариуцлага нэгдүгээрт. Тиймээс хамгийн сайнаар, чин сэтгэлээсээ л засвар үйлчилгээг нь хийж өгөхийг хичээдэг. Тийм ч учраас бид 16 жил ажиллахдаа тогтмол үйлчлүүлэгчидтэй болж чадсан байна. Хүмүүс машинаа засуулаад чин сэтгэлээсээ баярлалаа гээд гарч байгаа тэр мэдрэмж гоё. Танайд л янзлуулбал найдвартай гээд хэлэхэд нь их урам авдаг. Манай нөхөр ажилдаа хариуцлагатай ханддаг, их чадварлаг, сэтгэлтэй хүн байдаг. Миний хувьд 10 гаруй жил ажиллаж байгаа учраас машин засвар, сэлбэг, үйлчилгээний талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Мэдээж эв дүй, дадлага туршлага, оролдлого, дайчин зүтгэлтэй байдал чухал л даа. Машиныг сонсоод ингэж дуугарахаар ийм юм нь эвдэрсэн байна гээд мэддэг болчихдог. Найзууд, танилууд маань машинд нь асуудал гарахаар шууд залгаад л зөвлөгөө авна шүү дээ /инээв/
-Та СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Мөн олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, нийгэмд чиглэсэн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай юм байна.
Би бизнес эрхлэхийн зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, бусдад хэрэгтэй ажлууд хийх юмсан гэж боддог байсан. Би 2023 онд 9 дүүргийн эмэгтэйчүүдийн дунд зохиогдсон төслийн уралдаанд “Сургуулийн орчин дахь бага насны хүүхдийн аюулгүй байдал” сэдэвт төслөөрөө амжилттай оролцсон. Үүний дараа Баянзүрх дүүргээсээ төлөөлж, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Нийслэлийн салбар холбооны тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна. Манай нийслэлийн эмэгтэйчүүдийн байгууллагаас гишүүддээ болон нийгэмд чиглэсэн олон төсөл хөтөлбөр, нөлөөллийн ажлууд хэрэгжүүлж байна. Шүүмжлээд суудаг биш өөрөө дотор нь ороод оролцоод үзье. Миний хувь нэмэр юу байна? Бид юуг өөрчлөх боломжтой вэ гээд л ажиллаж байна даа. Оролцоо маш чухал гэж боддог. Багаараа ажиллаж чадвал олон асуудлыг шийдэж болно. Бүтэхгүй дээ гээд суувал хэзээ ч урагшлахгүй. Тэгэхээр оролцоод, зүтгээд, хийх л хэрэгтэй. Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг. Итгэл, сэтгэл дүүрэн байвал амжилт ирнэ гэж итгэдэг.
-Та Баянзүрх дүүргийн ИТХ -д 26-р хороонд нэр дэвшиж байна. Нэр дэвших шийдвэр гаргахад танд юу нөлөөлсөн бэ?
-Би 26-р хорооныхоо иргэн. Асуудлыг нь маш сайн мэддэг, мэдэрдэг учраас хороондоо хийхийг хүссэн ажил их байна. Би дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд маань 23, 16, 13, 6 настай. Үе бүрийн төлөөлөл байгаа биз. Хүүхдүүдэд маань янз бүрийн асуудал тулгарч байна. Бага хүү маань гадаа тоглож байгаад бэртэх вий, дунд хүү маань үе тэнгийн дээрэлхэлтэд өртчих вий дээ, өсвөр насны охин маань цахим залилан урхидалтад өртөх вий гэж санаа зовдог. Бүх ээжүүд л ийнхүү санаа зовдог. Хэдийгээр би гэртээ хүүхдүүддээ аюулгүй орчин бүрдүүлэхийг хичээж байгаа ч гэрээс гараад л энэ мэт олон асуудлуудтай нүүр тулж, эрсдэлтэй алхам тутам таарч байна. Тэгэхээр миний хувьд эргэн тойронд тулгарч байгаа энэ олон асуудлуудыг шийдэхэд хорооныхоо олон мянган ээжүүдийг төлөөлж, гар бие оролцож, шийдвэртэй, үр дүнд хүртэл ажиллая гэж зоримог алхам хийж, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байна. Сургууль цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байна. Аюулгүй, тайван амьдрах нөхцөл бүрдэж байна уу? сургуулийн орчин хүүхдэд аюулгүй байна уу? гээд шүүмжлээд байвал барагдахгүй. Тиймээс өөрөө оролцьё, гарц шийдэл байна, санал бодлоо нэгтгэе, шийдвэрлүүлэхийн төлөө тууштай зүтгэе гэж л шийдсэн хэрэг. Мөн жижиг бизнес эрхэлдэг, зовлон жаргалыг нь биеэр мэдэрч яваа хүний хувьд энэ салбарынхаа дуу хоолой болж ажиллаж чадна.
-Та хэрвээ дүүргийнхээ төлөөлөгчөөр сонгогдвол юунд илүү их төвлөрч ажиллах вэ?
Эмэгтэй хүний хувьд асуудлыг илүү мэдэрч ажиллах болов уу гэж харж байна. Манай 26-р хорооныхон бол их идэвхтэй. Шүүмжилж ч чаддаг, хамтарч ч чадна. Үүнийг нэгтгэж зангидаад, иргэн, шийдвэр гаргагчдын дунд гүүр болж ажиллана. Дүүргийн төлөөлөгч иргэдтэй ойр байж, асуудлуудыг нь мэддэг, үгийг нь сонсдог, шийдүүлэх гэж араас нь шаргуу хөөцөлддөг байх ёстой. Дүүрэг, хорооны ажил бол аж ахуйн чанартай, цаг зав, сэтгэл мэдрэмж, хурд шаардсан ажил. Эмэгтэй хүн удирдсан газар цэвэр цэмцгэр, тэр бүр анзаарахгүй нарийн асуудлуудад ч гярхай хандаж, шийдчихдэг давуу талтай. Энгийн жишээ нь тохижилтын асуудалд илүү анхаарах, сургуулийн орчны аюулгүй байдлын хүрээнд гарцны тэмдэглэгээг гэрэлтдэг будгаар будчихвал өвөл харанхуй үед зам тээврийн осол гарахаас сэргийлнэ. Боломжгүй, хэцүү ажил биш. Миний хувьд цахим орчныг ашиглан иргэдтэй мэдээллээ солилцож, санал бодлыг нь сонсоно. Нээлттэй ажиллана. Эргэх холбоотой байж, санал хүсэлтийг нэгтгэн зөв төлөвлөж, бодит ажил болгож шийдүүлэхийн төлөө цаг зав, сэтгэлээ гаргаж ажиллах болно
Нийт сэтгэгдэл (0)