Эрчим хүчний салбар цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг 12-18 хувиар хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулж үр ашгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Ингэснээр сүүлийн 3 жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгосон боловч 2019 оноос хойш 3 жилийн хугацаанд үнэ тарифт огт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж иржээ. Үүний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 88 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан бөгөөд тус алдагдлыг эрчим хүчний салбар бүрэн хариуцан ажиллаж байна.
2019 оноос хойш гадаад валютын ханш 7.0 хувиар, хэрэглээний үнийн индекс 16.1 хувиар, үйлдвэрлэгчийн үнийн индекс 34.5 хувиар, үйлдвэрийн усны үнэ 72.5-80.0 хувиар тус тус нэмэгдсэн байна
Хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаагаас дулааны цахилгаан станцуудын болон цахилгаан шугам сүлжээний гэмтэл, саатал нэмэгдэж байна. Мөн оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа нь системийн хэмжээний аваар саатал үүсгэж улсын хэмжээнд цахилгаан тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх, зээлийн санхүүжилтээр хийгдсэн өргөтгөл шинэчлэлийн ажлуудын зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болох, шинэ эх үүсвэрүүд ашиглалтад ороход тэдгээрээс худалдан авсан цахилгааны төлбөрийг төлж чадахгүй болох эрсдэл байна. Мөн эрчим хүчний зориулалтаар нүүрс олборлодог уурхайнууд 1 тонн нүүрсний үнийг 20-30 хувиар нэмэгдүүлэх, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг” нүүрсний тээврийн тарифыг 26.2 хувиар нэмэгдүүлэх, эрчим хүчний 100 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр компаниудаас үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд тарифыг нэмэгдүүлэх саналыг удаа дараа ирүүлж байна. 2019 оны сүүлийн хагас жилээс хойших хугацаанд гадаад валютын ханш 7.0 хувиар, хэрэглээний үнийн индекс 16.1 хувиар, үйлдвэрлэгчийн үнийн индекс 34.5 хувиар, мөн үйлдвэрийн усны үнэ 72.5-80.0 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Нийт сэтгэгдэл (0)