Инфляц

Бодлогын хүү

Л.Оюун: Төгрөгөөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдсэн

Эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа.

Инфляц 2021 оны сүүлээр улсын хэмжээнд 13.4 хувьд хүрч, төв банкны зорилтот түвшнөөс давлаа. Та инфляцын өсөлтийн шалтгааныг хэрхэн харж, дүгнэж байна вэ, цаашид инфляцыг тогтворжуулахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх шаардалагатай вэ?

Инфляц улсын хэмжээнд 13.4, Улаанбаатарт 14.8 хувьтай гарч, хоёр оронтой тоо руу орж ирсэн. Үүнийг цогио инфляц гэдэг. Үүнд хоёр, гуравхан төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ л голлон нөлөөлж байгаа. Манай улсын хувьд үргэлж л ийм байдаг. Тэгэхээр цаашдаа инфляцыг тогтворжуулахын тулд шатах, тослох материалын үнэ, хил гаалийн асуудлаа цэгцлэх ёстой. Бид юунаас болоод инфляц өссөн бэ гэдгийг мэдэж байгаа юм чинь тэр асуудлыг бодлогоор зохицуулчихвал инфляцын асуудал үргэлж санаа зовоохоо болино. Энд нэг зүйлийг онцлоход инфляц байж гэмээн эдийн засаг хөгждөг. Үнэ өсч байгаа салбарт л хөрөнгө оруулалт хийгддэг. Үнэ нь тогтворжоод, эсвэл буураад эхэлбэл, тэр бараа эдийн засгийн эргэлтээс гарч байгааг илтгэж байдаг. Тэгэхээр инфляц нэг оронтой тоонд байснаараа эдийн засгийг хөгжүүлдэг. Энэ зүй тогтлыг Монголбанк сайн мэддэг учраас жил жилийн мөнгөний бодлогодоо инфляцын зорилтыг тусгаж өгдөг. Ийм хэмжээний инфляцтай байхад эдийн засаг хөгжинө гэсэн бодлого юм. Тийм учраас инфляцыг байж болохгүй “мангас” мэтээр ойлгох нь бас өрөөсгөл юм. 

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарснаас хойш аажмаар сулрах хандлагатай байна. Энэ хөдөлгөөний шалтгаан юу байна вэ? Ханш тогтвортой байх суурь нөхцөлийн хувьд та ямар хүлээлттэй байна вэ? 

Сүүлийн хоёр жилд ханш нэлээд тогтвортой байсан шалтгаан нь Ковид-19 цар тахал болон хил гаалийн хориотой холбоотой. Цар тахал намжихтай зэрэгцээд гадаад худалдаа сэргэнэ. Тэгэхээр валютын ханш чангарах нөлөөллийг үзүүлэх болов уу. Гэхдээ ханш өсөх нь тийм ч аймшигтай зүйл биш. Учир нь төгрөг суларснаараа экспортыг дэмждэг. Экспортын барааны төлбөрийг доллараар оруулж ирээд, төгрөг болгоход өндөр үнэтэй болно гэсэн үг. Энд нэг асуудал байдаг нь манай иргэд эрсдэлээс зайлсхийх зорилгоор төгрөгөө доллар болгож хадгалснаар ханшийн зохиомол эрэлтийг бий болгох гээд байдаг. Яг үүн дээр л зохицуулалт хэрэгтэй. Жишээ нь Японы хувьд хил дээр маш хатуу хяналт хийгээд, Япон улсын нутаг дэвсгэр дээр иенээс өөр дэвсгэртээр төлбөр тооцоо хийхгүй гэдэг хуулиа ягштал мөрддөг. Тэгэнгүүт зохиомол эрэлт үүсдэггүй. Үүнтэй адилаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төгрөг цорын ганц төлбөрийн хэрэгсэл байхаар хууль, журам бий. Энэ зохицуулалт, журмыг сайн хэрэгжүүлснээр иргэдийн хувьд төгрөгтэй байснаар илүү үнэ цэнтэй байх боломж нь бүрдэнэ. Ингэснээр зохиомол эрэлт байхгүй болно гэж бодож байна.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн жил гаруйн хугацаанд тогтвортой байлаа. Энэ үед иргэдийн хувьд төгрөгөөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх, үнэ цэнийг нь өсгөх ямар боломжууд байсан бэ?

Сүүлийн жил гаруйн хугацаанд үнэт цаасны зах зээл нэлээд сэргэж эхэлж байна. Тэгэхээр цаашдаа үнэт цаасны зах зээл дээр бонд хувьцаа авах, хөрөнгө оруулалт хийх боломжуудыг илүү сайн өргөжүүлэх шаардлагатай. Ингэснээр иргэдийн хувьд төгрөгөөр өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийж болно гэдэг ойлголт нь нэмэгдэнэ. Энэ нь мөн л зохиомол эрэлтийг багасгах сайн талтай.

Ханш тогтвортой байх суурь нөхцөлийн талаар та ямар хүлээлттэй байна вэ, ам.долларын орох урсгал энэ онд ямархуу байхаар байна вэ?

Валютын ханш хэлбэлзэж байх нь түүний гол мөн чанар. Хэлбэлзэхгүй, тогтвортой байна гэдэг нь хэвийн биш үзэгдэл. Тэгэхээр хэт савлахгүй байх нь л чухал. Хэт савлагаа үүсгэхгүйн тулд Монголбанк интервенц хийх зэргээр зохицуулалт хийдэг. Ханшийн тухайд зарим оронд ревалювац, девалювац гэж хоёр төрлийн бодлого баримталдаг. Өөрийнхөө үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг зориудаар чангаруулахыг ревалювац, зориудаар сулруулахыг девалювац гэдэг. Манай улсын хувьд нэг их девалювац хийж ирээгүй. Гэтэл үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сул байснаар экспортлогчдод ашигтай, импортлогчдод алдагдалтай болж ирдэг. Хятад бол юанийг үргэлж девалювац хийж ирсэн. Түүгээрээ экспортоо дэмжиж, эдийн засгаа хөгжүүлж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Хятад, Америкийн хоорондын худалдааны маргааны асуудал үүссэн шүү дээ. Манай улсын хувьд ч бас төгрөгийн ханшийг тодорхой хэмжээнд девалювац хийснээр экспортоо дэмжихэд болохгүй гэх зүйлгүй.

Ярилцсанд баярлалаа.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.