Инфляц

Бодлогын хүү

Б.Түвшинтөгс: Тогтмол ханшийн бодлого манай улсад тохиромжтой биш

Ам.долларын голлох валютуудын эсрэг индекс (DXY) 20% гаруй чангарсан байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж байгаа нь бусад улсууд (нөөцийн бусад валютууд, хөгжиж буй орнууд гм)-ын валютын ханшид хэрхэн нөлөөлж байна вэ? 

Бусад улсуудын валютыг сулруулах нөлөөтэй. Энэ нь бусад улсын импортыг үнэтэй болгохоос гадна ам.доллароор илэрхийлэгдсэн өрийн хэмжээг нэмэгдүүлнэ. Гэхдээ, ам.долларын ханш чангарах нь АНУ-ын худалдан авагчдын хувьд импортын барааг хямдруулах нөлөөтэй. Энэ нь АНУ руу экспортлогч орнуудад сайн.

Мөнгөний хатуу бодлого баримталж ирсэн орнуудын хувьд ханш нь тогтвортой эсвэл чангарах бас боломжтой ч ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор улс орнууд мөнгөний тэлэх бодлого явуулж ирсэн нь өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн байна.

Төгрөгийн ханш эхний 8 сард ам.долларын эсрэг 12% суларсан. Харин иений ханш мөн хугацаанд 20% суларсан бол вон 13%, юань 8% суларчээ. Экспортлогч орнууд ханшаа ингэж сулруулсан нь ямар зорилго, шалтгаантай вэ?  

Ер нь экспортлогч орнууд ханшаа зориуд сулруулах гэхээс илүү эдийн засаг нь гадаад нөхцөл байдлаас өндөр хамааралтай байдаг нь ханшид нөлөө үзүүлдэг. Сүүлийн үед АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөж байгаа нь бусад улсын ханш сулрах гол шалтгаан болсон.

Японы хувьд эдийн засгийн сэргэлт нь харьцангуй удаан байгаа тул төв банк нь хүүгээ нам түвшинд барьж байгаа. Түүнчлэн гадаад худалдааны алдагдалтай байгаа нь ханшаа сул байлгаж экспортоо нэмэгдүүлэх хөшүүрэг болж байна.

БНХАУ-ын хувьд Zero-Covid бодлогын хүрээн дэх хязгаарлалтууд нь эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг муутгаж, капиталын гадагшлах урсгал бий болгосон. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас үүдэн төв банк нь бодлогын хүүгээ бууруулсан.

Ер нь онолын хувьд манайх шиг эдийн засаг (жижиг, нээлттэй, уул уурхайд тулгуурласан, импортын орц өндөртэй гм)-т ханш хэрхэн тогтох нь зүйтэй вэ?

3 төрлийн ханшийн бодлого байдаг: тогтмол, чөлөөтэй хөвөгч ба хөвөгч. Аль аль нь давуу, сул талтай.

Тогтмол ханшийн бодлого нь санхүүгийн тогтвортой байдалд сайн ч экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг муутгаж болно. Түүнчлэн их хэмжээний гадаад валютын нөөц шаарддаг. Мөнгөний бодлогын бие даасан байдал алдагдаж болно. Тиймээс энэ нь манай улсад тохиромжтой биш.

Харин хөвөгч ханшийн бодлого явуулах үед гадаад эдийн засагт гарсан шокийн нөлөөнд мэдрэг болно. Тиймээс манай улсад мөн тохиромжгүй.

Удирдлагатай хөвөгч ханшийн бодлого нь завсрын хувилбар бөгөөд тодорхой ханшийн түвшнийг зорилт болгодоггүй ч төв банк интервенц хийх замаар ханшийн хэлбэлзлийг хязгаарлаж болдог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.