Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай 2023 оны улсын төсвийн талаар ярилцлаа.
-УИХ удахгүй ирэх оны улсын төсвийг хэлэлцэнэ. 2023 оны төсвийг алдагдалгүй батлах шаардлага хэр өндөр байна вэ?
-Дэлхийн эдийн засаг ямар байгаа, цаашид хэрхэхийг сайн анхаарах шаардлагатай. Үүнд үндэслэн Монгол Улсын нөхцөл байдлыг цогцоор нь зөв дүгнэх нь ихээхэн чухал. Энэ талаар товчхон дурдахад дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хүнд эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаг буурч, зах зээлийн хүү өсөх, валют, хөрөнгийн зах огцом хэлбэлзэлтэй. Энэ нь сүүлийн сард ихээхэн хурдтай өрнөж байна. Иймээс дэлхийн эдийн засгийн хувьд энэ он, дараа жилийн эхэн хүртэл тийм ч таатай байхгүй нь тодорхой гэж харах нь зүй. Үүний шалтгааныг дурдах нь илүүц. Бидний хувьд эдийн засгийн өсөлт бага, үнэ, валютын ханшийн өсөлт, төсөв төлбөрийн тэнцлийн алдагдал, гадаад өр гээд нөхцөл байдал маш муу байдалтай байна. Ялангуяа эдгээр сөрөг нөхцөл байдал нь иргэдийн амьжиргаанд хүнд дарамт болж байгаа нь мэдрэгдэж цаашид үргэлжлэхээр байгаа нь гол сорилт.
Тиймээс бидний хувьд 2023 оны төсвийг зарлагын өсөлт, алдагдал маш бага болж өгвөл алдагдалгүй төсөв оруулж ирэх шаардлага өндөр байна. Үүнд хэд хэдэн шалтгааны дурдаж болно. Нэгдүгээрт: Эдийн засгийн нөхцөл байдалд олон эрсдэл байгаа нөхцөлд хэт өндөр зарлага, алдагдал төлөвлөх нь эрсдэлийг ихээр нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт: Төсвийн зарлага оновчтой бус, сонгуулийн өмнөх жилтэй холбоотой үр ашиггүй зарцуулалт нэмэгдэж улс орны эдийн засагт өнөө ирээдүйд сөрөг нөхцөл байдал үүсгэж болзошгүй. Гуравдугаарт: Хамгийн гол шалтгаан нь төсвийн тэлэлт үнийн өсөлт, валютын ханшийн дарамтыг улам идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ. Төсөв хэт тэлснээр бид эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаа улам доройтуулж болзошгүй. Дээр нь 2023 онд их хэмжээний өрийн дарамж төсөв дээр ирэхээр хүлээгдэж байгаа нь алдагдал дахин бий болгож өрийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах ёстойг давхар баталж байгаа хэрэг. Ерөнхийдөө бидний өнөөгийн нөхцөл байдалд сангийн тэлэх бодлого явуулах боломж бага. Түүнчлэн үүнийг одоо ярих биш төсвийн төлөвлөлтийн эхнээс л ярьж эхлэх шаардлагатай байсан асуудал. Харамсалтай нь төлөвлөлтийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж ямар төсөв бэлтгэгдэж, өргөн баригдах хүртэл зарим талууд мэдээлэлгүй байдаг нь бас нэг асуудал юм. Гэхдээ эхний авч байгаа мэдээллээр УИХ, ЗГ-н түвшинд үүнийг анхаарсан төсөв хийсэн гэж мэдэгдэж байгаа.
-Tөсвийн алдагдлыг бууруулах, алдагдалгүй төсөв батлахын тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх шаардлагатай байна вэ?
-Үүн дээр нэг эерэг зүйлийг дурдахад 2022 оны төсвийг өргөн барихдаа Сангийн яамны зүгээс төсвийн бодлогын чиглэлийн томоохон өөрчлөлтийг санал болгосон. Үүний гол нь төсөв нь хөгжлийн зорилгыг агуулсан байх явдал гэсэн агуулга. Үүнтэй зэрэгцээд төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын зардлыг оновчтой болгох. Халамжийн зардлыг бууруулах гэх мэт зүйлс багтсан. Энэ нь хэдийгээр төсөвт бүрэн биеллээ олоогүй ч эхний алхам гэхэд боломжийн. Тиймээс өнөөдөр энэ төсвийн шинэчлэлээ үргэлжлүүлж төсвийг хөгжлийн чиг баримжаатай бодлогын хувьд зөв төсөв болгох нь нэгдүгээр асуудал. Энэ жилийн хувьд бодлогын зорилгыг хэт өөдрөг эдийн засгийн өсөлт гэхээсээ илүү үүсээд байгаа нөхцөл байдлыг дэврээхгүй, эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байлгах талд анхаарвал зөв болов уу. Үүний дараа төсвийн төлөвлөлтийг энэхүү зорилго, бодлогын хүрээнд маш зөв хийдэг болох шаардлагатай. Тэгээд дараа нь хэрэгжилт, хяналт, хариуцлага, ил тод байдал зэргийг сайжруулах гэх мэт олон асуудал хамаарна. Ил тод байдал, хариуцлага бол өмнөх хоёртой дүйцэхүйц чухал зүйл. Дээр дурдсанчлан төсвийг хавар төсвийн хүрээний мэдэгдэл батлах үеэс өргөн барих хүртэл ил тод өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг явуулах нь төсвийн төлөвлөлтийг зөв болгоход ихээхэнд дэмтэй байх тул энэ мэт арга хэмжээг ил тод байдлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай.
Манай төсөв хэдийгээр сайжирч байгаа боловч шат дараатай хэрэгжүүлэх олон ажлууд байгаа.
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд төсөв, мөнгөний бодлогын уялдаа ямар байх нь зүйтэй, ямар бодлогын хослолыг та зөв гэж үзэж байна вэ?
-Энэ асуудлын хүрээнд Монгол Улс нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай. Өнгөц харахад төсөв, мөнгөний бодлого харилцан нягт хамааралгүй бие даасан мэт харагддаг. Гэтэл өнөөг хүртэл Монголбанк улс төрийн хүчтэй нөлөөнд улс төрийн өндөр хамааралтайгаар төсвийн бодлогыг дагах, түүнд нийцүүлэн мөнгөний бодлогоо тохируулах байдалтай явж ирсэн. Тодруулбал, төсөв хэт тэлэхэд мөнгөний бодлогыг хумих хязгаарлах байдалтай эдийн засгийн халалт, эрсдэлийг зохицуулах байдлаар. Түүнээс гадна Монголбанк УИХ, ЗГ-н илт нөлөөн дор төсвийн шинжтэй, эсвэл ЗГ-н хөтөлбөрийг хэрэгжүүлэх байдлаар хараат байдалтай явж ирсэн. Энэ нь зөвхөн өнөөгийн Монголбанк, ЗГ-н асуудал биш. Ер нь ингэж явж ирсэн гэсэн санаа. Тиймээс таны асуултад шууд хариулахын өмнө Монголбанкны бие даасан байдлыг хангах асуудлыг бид цаашид шийдвэрлэх нь макро эдийн засгийн бодлого, түүний үр нөлөөний хувьд их чухал гэдгийг дурдъя. Учир нь заримдаа уялдаад байгаа, хамтраад байгаа нь мэдэгдэхгүй нөхцөл бий болох тал бий.
Тиймээс таны асуултын эхний хэсэг биш сүүлийн хэсэг нь зөв гэж хэлнэ. Эдгээр нь хоорондоо холилдох, уялдах бус өөрсдийн бие даасан байдлаар эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон бодлогыг хэрэгжүүлэх замаар зөв хослол бий болох нь чухал юм. Сүүлийн жилүүдэд энэ асуудал хослолын хувьд харьцангуй эерэг харагдаж буй. Энэ нь дээрх нөлөөллийн хувьд бус хэрэгжилт, үр нөлөө, тоон үзүүлэлтийн хувьд юм. Эдийн засагт эерэг нөлөөг эдгээр бодлогууд бий болгож чадаж байсан гэсэн үг. Ялангуяа 2017-2019 оны хооронд. Түүнээс хойш цар тахлын нөлөөгөөр нөхцөл байдал хэвийн бус болсон. 2023 оны хувьд төсвийн хувьд боломжит дээд хэмжээгээр танасан, алдагдал бага, мөнгөний бодлого талдаа хэт хумих бус эрсдэлийг харгалзсан цочмог хязгаарлалт бага бодлого байх нь зөв хослол болно гэж би хувьдаа үзнэ. Энэ нь эдийн засгийн бодит сэргэлт хүртэл үргэлжилж түүнээс цааш нөхцөл байдалд нийцсэн тохиргоог хийгээд явах нь зөв байх.
Нийт сэтгэгдэл (0)