Израил Улсын 8200 нэгжийг нарийвчлан судлах ньАвлигын ихэнх хэсэг нь хөрөнгө шамшигдуулах, хээл хахууль авах гэх мэт уламжлалт, хууль бус үйлдлүүд дээр төвлөрдөг бөгөөд бусад далд хэлбэрээр явагддаг үйл ажиллагаа нь авлигыг бий болгоход нөлөөлдөг. Энэ үзэгдлийн нэг чухал илрэл бол Засгийн газрын цэргийн тагнуулын алба болон хувийн тагнуулын салбар хоорондын сүлжээ юм. Хэдийгээр энэ нь олон улс оронд тулгамдсан асуудал боловч Израил Улсын 8200 нэгжийн талаарх мэдээлэл нь илүү хэрэглэгдэхүйц, зохимжит жишээ юм.
1952 онд байгуулагдсан Израил Улсын 8200 нэгж нь тагнуулын болон кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг явуулдаг. Энэ нь дэлхийн хамгийн үр дүнтэй тагнуулын нэгжүүдийн нэг гэдгээрээ үргэлж хүлээн зөвшөөрөгддөг байгууллага юм. Харамсалтай нь Израилын Засгийн газар хуучин алба хаагчдын ур чадвар, туршлагыг үр дүнтэй ашигладаггүй. Үүний үр дүнд 8200 ахмад дайчид хувийн тагнуулын технологи боловсруулж, “Psy Group”, “Black Cube”, “Mitiga”, “NSO Group” зэрэг хувийн тагнуулын фирмүүдийг байгуулж эдгээр байгууллагуудын дор ажиллаж байна.
Маш олон хүмүүс эдгээр хувийн тагнуулын байгууллагуудад илүү нягт зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа хэдий ч энэ асуудал нь яагаад авлигатай холбоотой болохыг шууд ойлгохгүй байгаа юм. Израил Улсын 8200 нэгжийн алба хаагчид ажиллах үедээ олон нийтээс хүлээлгэсэн итгэлийг алдалгүй, хувийн санхүүгийн ашиг хүртэхгүйгээр олон нийтийн аюулгүй байдлын төлөө шударгаар ажилладаг. Харин төрийн албыг орхисноос хойш санхүүгийн ашиг хонжоо хайж, цэргийн алба хааж байхдаа олж авсан тусгай ур чадвар, туршлагаа бусдад сурталчлан хувийн байгууллагад ажиллахыг эрэлхийлдэг. Энэ нь төрийн албан хаагчид төрд ажиллаж байхдаа олж авсан мэдлэг, чадварыг олон нийтийн төлөө бус, өөрсдийн төлөө ашиглан хөрөнгөжүүлж, хувийн ашиг олж байгаагаас ялгаагүй болоод байна.
8200 нэгжтэй холбоотой асуудлын хүрээнд тагнуулын алба, авлигын эсрэг тэмцэгчдийн санааг зовоож буй хоёр зүйл бий. Эдгээр нь:
Нэгдүгээрт, дээр дурдсанчлан, албан хаагчдын төрд ажиллаж байх үедээ олж авсан туршлагыг хувийн ажил олгогчид ихээхэн сонирхдог. Гэсэн хэдий ч тагнуулын хуучин ажилтнууд ихэвчлэн цэргийн тагнуулын албаны ашигладаг технологитой танилцсан байдаг тул тэдгээртэй ижил технологийг хуулбарлах чадвартай байдаг. Энэ нь тус тагнуулын ажилтнуудыг илүүтэйгээр эрэлттэй болгодог боловч Засгийн газрын боловсруулсан технологи, техникийг зарж, хувилан хувийн ашиг хонжоо олж байгаа “ажлаас гарсан албан хаагчид” нэртэй болж байгаа юм.
Хоёрдугаарт, Засгийн газрын боловсруулсан тагнуулын технологийг төрд ажиллах үедээ олж авсан мэдлэг, туршлагаа ашиглан хуулбарлаж, хувийн компаниудад нэвтрүүлэх үйл ажиллагаа нь авлигын нэг хэлбэр мөн үү гэх асуулт урган гардаг. Эдгээр хувийн тагнуулын компаниудын үйлчлүүлэгчид нь ихэвчлэн Олег Дерипаска, Демитрий Рыболовлев зэрэг Оросын олигархууд, Саудын Арабын Мохаммед Бен Салман, Трампын сонгуулийн компанит ажлын хамт олон гэх зэрэг авлигад идэгдсэн улс төр, бизнесийн зүтгэлтнүүд байдаг. Түүнчлэн хувийн компаниудад нэвтрүүлсэн Засгийн газраас боловсруулсан тагнуулын болон кибер дайны арга хэрэгслийг авлигын эсрэг тэмцэгчид болон шинэчлэгчид рүү чиглүүлэн, тэднийг харлуулах зорилгоор ашиглаж байна. Жишээ нь: Израил Улсын хувийн тагнуулын компани болох “Psy-group” нь Украины авлигын эсрэг тэмцэгч Дарья Каленюк нь Америкийн буцалтгүй тусламжийн мөнгийг хувьдаа завшиж байна гэсэн утгатай хуурамч бичлэг хийж, тараасан байна. Тэдний үйл ажиллагаа нь Каленюкийн авлигын эсрэг үйл ажиллагаанд саад учруулах зорилготой байсан ба энэ нь амжилттай хэрэгжсэн.
Дээрх жишээ нь өвөрмөц тохиолдол биш юм. Израил Улсын “Black Cube” компани нь Румын Улсын авлигатай тэмцэгч Лаура Ковесиг онилжээ. Хувийн тагнуулын технологийг ашиглан “Black Cube”-ийн ажилтнууд нь Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газар дахь Ковесигийн багийг тогтворгүй болгохын тулд дарамталж, айлган сүрдүүлэх компанит ажлыг эхлүүлсэн. Тэдний стратеги нь Ковесиг авлигын хэрэгт буруутгах явдал байсан бөгөөд энэ нь бүр ч их зэвүүцлийг төрүүлж байгаа юм.
Израил болон бусад улс орнуудад цэргийн сургалт, ур чадварыг сайжруулах зохицуулалт хийх шаардлагатай байна. Энэхүү асуудал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн тархаж байгаа ч авлигатай тэмцэх нийгэмлэгтэй холбоотой байдлаар огт яригддаггүй юм. Энэ асуудал нь шууд утгаар авлигын тухай биш ч авлигатай тэмцэх нийгэмлэгийн зайлшгүй хэлэлцэх ёстой асуудлын нэг юм. Хувийн компаниуд нь авлигатай тэмцэгчдийг байнга онилдог бөгөөд ихэнхдээ тэрхүү тэмцэгчид нь авлигын тухай зохиомол ярианд өртөж байдаг. Олон нийтийн зүгээс төр болон хувийн хэвшлийн хоорондох тагнуулын сүлжээний зохицуулалтыг чангатгахыг шаардаж, хувийн тагнуулын фирмүүдийг илүү өргөн хүрээнд хянах хэрэгтэй хэмээн үзэж байна.
Эх сурвалж: АТГ
Нийт сэтгэгдэл (0)