Инфляц

Бодлогын хүү

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ЫГ УВС АЙМАГТ ЭХЛҮҮЛЛЭЭ

- Увс аймаг хүнсний бүтээгдэхүүнээ экспортод гаргах зорилт тавин ажиллаж байна - 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг орон нутагт эрчимжүүлэх зорилгоор 21 аймагт “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Хүнсний хангамж, аюулгүй байдал” төслийн баг буюу ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, яамны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал, Төслийн захирал Ж.Түвшинсанаа, Төслийн төслийн дэд зохицуулагч С.Гүн-Уянга, Төслийн хуульч Г.Ариунбаяр нар өчигдөр (2022.11.05) Увс аймагт ажиллалаа.

 

 

Нээлтийн үеэр ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээ, илгээмжийг Увс аймгийн засаг дарга Ч.Чимэдэд гардуулан өглөө. 

Зөвлөгөөнд Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд, ИТХ, ЗДТГ, сумдын Засаг дарга болон аймаг, сумдын жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд оролцож, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр тулгамдаж буй асуудал болон шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн юм.

 

 

 

- Хөдөө аж ахуйн салбарыг бүрэн цахимжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна - 

Хүнс, Хөдөө, Аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: “Жижиг, дунд бизнес эрхлэгчид агуулах, тээвэрлэлт, чанар, стандарт гэх мэтээ цогцоор нь шийдвэрлэн импортлогч орны стандартад нийцэж байж гадаад зах зээлд оролцох боломж бүрдэнэ” гэдгийг нээлтийн үгэндээ онцолсон. Мөн “Хүнс, Хөдөө, Аж ахуйн салбарыг бүрэн цахимжуулах “Е Mongolia” хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хөдөө, Аж ахуйн салбартай хамтраад хөдөө аж ахуйн цахим стратеги боловсруулсан. Хөдөө аж ахуйн бүртгэл, мэдээлэл болон салбараас олгодог урамшуулал зэргийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн” гэдгийг дуулгалаа.

 

 

- Чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ нэгтгэн “UBC брэнд”-ийг байгуулжээ -
Увс аймагт үйл ажиллагаагаа явуулдаг чанар, стандартын шаардлага хангасан хувиараа бизнес эрхлэгч, болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэгтгэн “UBC брэнд”-ийг байгуулжээ. Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүс стандартыг нэвтрүүлж чаддаггүй. Мөн том сүлжээ дэлгүүрүүдтэй холбогдож чаддаггүй асуудлыг шийдвэрлэхийн тулд нэгтгэн Увс аймгийн брэндийн зөвлөлийг байгуулж, “UBC” кластер брэндийг бий болгожээ.

Увс аймгийн Хүнс, Хөдөө, Аж ахуйн газраас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн экспортод гаргах зорилт тавин ажиллаж байгаа аж. Увс аймаг нөөц ихтэй бүтээгдэхүүн буюу жамц давс, арвайн гурил, чацаргана гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүнийг сонгож, жижиг цех байгуулан, сав баглаа боодлыг нь шийдээд үндэсний том сүлжээ дэлгүүрүүдэд байршуулсан байна. Монгол улсынхаа 500 гаруй сүлжээ дэлгүүрүүдэд энэхүү бүтээгдэхүүнээ нийлүүлжээ.  

Увс аймгийн UBC брэнд энэ жилээс үрийн шинэчлэл хийж халтар арвайн бүтээгдэхүүнээр зах зээлд өрсөлдөхөө илэрхийллээ.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.