Инфляц

Бодлогын хүү

Б.Жавхлан: Цагаан будаа, элсэн чихрийн дийлэнх нь арилжааны хэлбэрээр орж ирдэг тул төр оролцох шаардлагагүй гэж үзсэн

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 15:26 цагт, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Тухайлбал, хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, хуулийн төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүнийг нэмэх талаарх гишүүдийн саналыг тусгах боломжтой, эсэхийг илүүтэй лавлав.

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, гол нэрийн гурван бүтээгдэхүүн дээр нэмээд цагаан будаа, элсэн чихэр, эм, эмнэлгийн хэрэгслийг нэмэх талаар Засгийн газар дээр ярилцаад, багагүй судалсан.

Эдгээр бараа, бүтээгдэхүүний дийлэнх нь арилжааны хэлбэрээр орж ирдэг тул энэ асуудалд төр нэн тэргүүнд оролцох шаардлагагүй, харин нэр заасан гурван бүтээгдэхүүн дээр төрийн үүрэг, оролцоогоо хангаад явах нь чухал гэж үзсэнийг тодотгоод эм, эмнэлгийн хэрэгслийн тусгайлсан, чухал бүтээгдэхүүний худалдан авалт, татан авалт, нөөц бүрдүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнд Засгийн газар онцгойлон анхаарч байгаа гэв.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх тал дээр нэлээдгүй асуудал үүсэж байсан ч тухай бүр Засгийн газраас тодорхой төсвийг төсөвлөж, заримыг нь агаараар татан авах асуудлыг зохион байгуулж байсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа дурдсан.

Тэрбээр, манай улсын хувьд эм, эмнэлгийн хэрэгслийн импортыг хувийн хэвшил бүрэн хариуцаж ирсэн. Салбарын яамны зүгээс дотоодод үйлдвэрлэж байгаа түүхий эд зэрэг тодорхой асуудал дээр гаалийн татварыг чөлөөлөх саналтай байгаа тул хэлэлцүүлгийн шатанд шийдэгдэх байх гэж бодож байна гэв.

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.