Инфляц

Бодлогын хүү

Ашиглалтад ороогүй байр худалдан авч, урьдчилгаа төлбөр төлөхөөс өмнө дараах мэдээлэлтэй зайлшгүй танилцана уу.

Иргэд барилгын компанитай орон сууцны захиалгын гэрээ байгуулж, барилга ашиглалтад орохыг хүлээх хугацаанд дараах эрсдэлүүд бий болдог.Барилгын компани тухайн дуусаагүй байранд холбогдох гэрчилгээ авч, уг байрыг банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан байх тохиолдол бий.

Зарим иргэд орон сууцандаа орсон ч төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа өмчийн гэрчилгээгээ авахаар гэрээ байгуулсан байдаг. Гэтэл энэ хугацаанд байр нь давхар барьцаалагдсан буюу өөр этгээдэд давхар зарсан байх эрсдэлтэй.Эдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн, хуулийн этгээд нь орон сууцны захиалгын гэрээгээ үндэслэн Улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх боломжтой.

Хууль зүйн үндэслэл:

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт:

“Барьж дуусаагүй барилга эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд (захиалагч) нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно.” хэмээн заасан байдаг.Ашиглалтад ороогүй байр захиалж буй иргэн, хуулийн этгээд та бүхэн орон сууцны захиалгын гэрээгээ үндэслэн Улсын бүртгэлийн байгууллагад хандан “Урьдчилсан тэмдэглэл” хийлгэхийг зөвлөж байна. Энэ нь тухайн байртай холбоотой давхар эрх зүйн маргаан, залилангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх найдвартай арга хэмжээ юм.Улсын бүртгэлийн ерөнхий газарт захиалгын гэрээтэй орон сууцанд урьдчилсан бүртгэл (урьдчилсан тэмдэглэл) хийхэд дараах бичиг баримтыг бүрдүүлж өгдөг:

Иргэнээс шаардагдах бичиг баримт

• Иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбар

• Гэрлэлтийн гэрчилгээ (гэр бүлээрээ хамт авах бол)

• Хүсэлт (өргөдлийн маягт)

Гэрээ, үл хөдлөхийн талаарх бичиг баримт

• Захиалгын гэрээний эх хувь

• Байрны зураг төсөл, байршлын схем (зарим тохиолдолд барилгын компанийн баталгаажуулсан)

• Барилгын компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулийн этгээдийн эрх зүйн баримт)

• Орон сууцны талбайн хэмжээ, байрлал тодорхойлсон хавсралт

Төлбөр, санхүүгийн баримт

• Урьдчилгаа төлбөр хийсэн баримт (банкны гүйлгээний хуулга, төлбөрийн баримт)

Бусад шаардлагатай баримт

• Төлөөлөгчөөр бүртгүүлэх бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл

• Хүүхдийн эрх ашиг хөндөгдөх бол асран хамгаалагчийн зөвшөөрөл

Тайлбар:

Урьдчилсан тэмдэглэл хийснээр тухайн орон сууц захиалагчийн нэр дээр улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж, давхар зарагдах, маргаан үүсэхээс хамгаалдаг. Гэхдээ энэ нь эцсийн өмчлөх эрхийн бүртгэл биш, харин хамгаалалтын зориулалттай бүртгэл юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.