Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасагийн Монгол Улс дахь айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлалын эхний өдрийн уулзалтуудын үр дүн болон тодорхой асуудлуудаарх Япон улсын Гадаад харилцааны сайдын байр суурийн талаар Япон улсын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Окано Юкико тавдугаар сарын 1-ний ням гарагт Монголын сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Казахстан, Узбекистан улсад айлчлал хийсний дараа дөрөвдүгээр сарын 30-ны бямба гарагийн орой Улаанбаатар хотод ирж, ням гарагийн өглөө Монгол дахь албан ёсны айлчлал эхлэв. 2022 онд Япон-Монгол Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн айлчлалаар хоёр тал саналаа харилцан нээлттэй солилцож, Монгол Улсын хувьд гурав дахь хөрш болсон Япон улс, нэгдсэн үнэт зүйл бүхий Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа улам бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой айлчлал болж байна. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг 2022 онд багтаан хийх төлөвлөгөөтэй байгааг Япон улсын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Окано Юкико онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, Монгол Улс бол Хятад, Орос хоёрын дунд оршдог геополитикийн хувьд чухал байршилтай орон. Өндөр дээд түвшиндээ тодорхой давтамжтайгаар харилцан санал солилцох нь стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Жишээлбэл, ОХУ Украинд довтолсонтой холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн орнуудыг шинэчлэх талаар улс орнуудаас янз бүрийн санаа гарч байгаа. Үүн дээр Япон, Монгол Улс стратегийн түншлэлийнхээ хүрээнд санал солилцож харилцан ярилцаж байх нь чухал гэж үзэж байна гэлээ.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 16 ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНИЙГ ЯПОНД МАГИСТРАНТУРТ СУРАЛЦУУЛНА Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны уулзалт хийж, уулзалтаар хэд хэдэн зүйл ярилцлаа.
2022 оныг Япон Монгол Улсын хооронд хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарласан.
Монгол Улс зүүн хойд Азид орших чөлөөт ардчилсан улсын хувьд эдийн засаг нь хүчирхэгжиж, улс орон хөгжих нь чухал. Тиймээс Япон улс байнга дэмжиж туслах болно. Япон улс шинэ нисэх буудлын барилга байгууламжийг барьж, ашиглалтад оруулахаас гадна өнөөг хүртэл мэргэжилтнүүдийг ажиллуулж ирсэн. Нисэх буудлын үйл ажиллагаа, менежментийн тал дээр Японы худалдааны болон авиа компанийн охин компанийн хамтарсан баг ажиллаж байна. Японы талаас нисэх буудлын үйл ажиллагааг жигд тогтвортой явуулахад Монголын талаас анхаарч өгөөч гэсэн хүсэлтийг бид Монголын талд тавьсан гэлээ.
Ё.ХАЯШИ: ЦӨМИЙН ЗЭВСЭГ, ПУУЖИНГИЙН АЮУЛ ӨНӨӨГ ХҮРТЭЛ БАЙСААР БАЙНА
Б.Батцэцэг сайдтай уулзалт хийсний дараа Гадаад хэргийн сайд Ё.Хаяшиг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч уулзаж, өдрийн зоог хамт барилаа. Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайдтай уулзах үеэр бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо. Украины одоогийн нөхцөл байдал болон Хойд Солонгосын асуудлыг хөндлөө. Оросын Украинд довтолсон асуудлаар Монголын талаас нэн даруй гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь чухал байна гэдэг байр суурийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг илэрхийлcэн. Ё.Хаяши сайдын хувьд ОХУ-ын Украин дахь довтолгоо Ази болон дэлхийн хэв журам, дэг жаягийг өөрчилж болохуйц ноцтой зүйл юм. Тиймээс олон улсын хамтын ажиллагаа маш чухал байна гэж саналаа илэрхийллээ. Түүнчлэн Хойд Солонгос гуравдугаар сарын 24-нд тив хоорондын баллистик пуужин харвасан гэх мэтчилэн цөмийн зэвсэг, пуужингийн аюул өнөөг хүртэл байсаар байна. Мөн хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдэхэд хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь чухал байна гэдэг санаагаа хоёр тал харилцан нотлолоо. ОХУ УКРАИН РУУ ДОВТОЛСОН НЬ ЗӨВХӨН ЕВРОПТОЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ БИШ Айлчлалын эхний оройн зоогийг Гадаад харилцааны сайдтай барих үеэр бүс нутгийн талаар дахин санал солилцох боломж олдоно гэж бодож байна хэмээн Япон улсын байр суурийг илэрхийлсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. Gogo.mn сайтын сэтгүүлч: Орос Украины мөргөлдөөн Япон улсын эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлж байна вэ? -ОХУ Украинд халдсан нь улс төрийн хувьд олон улс, дэлхийн дэг журам, дүрэм журмыг зөрчсөн сорилт, аюул гэж харж энд олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэн хариулах ёстой гэж бодож байна. Япон улс “Их-7”-той хамтран ОХУ-ын эсрэг арга хэмжээ авч байгаа. Энэ бол зөвхөн Европтой холбоотой асуудал биш, Төв Азид ийм зүйл болж болохгүй гэж Япон улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлэн ажиллаж байна.
Япон улсын эдийн засгийн хувьд нефть, бензиний үнэ өсөх зэргээр нөлөө гарч байна. Энэ бүхэнд зохих арга хэмжээ авч ажиллаж байна. Япон, ОХУ-ын хооронд хойд арлын газар нутгийн асуудлаарх яриа хэлэлцээ өнөөдрийг хүртэл үргэлжилж ирсэн боловч Украинд довтолсноос болоод хэлэлцээ үргэлжлэх боломжгүй байна гэж хариулав.
Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нэг жил хагасын дараа Монгол Улсад айлчилж буй нь энэ аж. Тэрбээр айлчлалынхаа эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдтай уулзалт хийхээс гадна “Шинэ Монгол Харүмафүжи” дунд сургуультай танилцаж, Япон хэлтэй Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийжээ. Сайд Ё.Хаяаши өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Дараа нь Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай танилцах юм байна.
Нийт сэтгэгдэл (0)