Инфляц

Бодлогын хүү

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах “түлхүүр”

Төв банкны үндсэн зорилт үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэж хуулинд заасан байдаг. Хуулийн энэ зорилтыг хангахын тулд Монголбанк жил бүр инфляцын тодорхой зорилтот түвшинг хангаж ажиллана гэдгээ мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ тусгаж ажилладаг. Энэ жилийн хувьд төв банкны инфляцын зорилт 6 хувиас дээш, доош 2 хувийн орчимд байхаар тусгасан. Гэвч өнөөдрийн байдлаар инфляц 14.4 хувьд хүрч, зорилтот түвшнөөс даваад байгаа. Энэ утгаараа яг өнөөгийн нөхцөлд бол төв банкны үндсэн зорилт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилт төдийлөн хангагдаж чадаагүй байна гэж дүгнэж болохоор. Гэвч инфляцын “зовлон” ганц Монгол Улсыг дайраагүй. Дэлхий нийтээр цар тахал болон дайны нөхцөл байдлаас үүдэлтэй тээвэр ложистикийн гацаа болон хүнс, нефтийн үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцтай “тулалдаж” байна. Зарим тоо, баримтыг доор шигтгэе. 

Инфляц олон улсад, 3-р сарын эцсийн байдлаар: 

  • АНУ-д 8.5% зорилтот түвшин нь 2.0%
  • Евро бүс 7.5%, зорилтот түвшин 2.0%

Тээвэр, ложистикийн гацаа, дайны нөлөөгөөр үүдэлтэйгээр: 

  • Хүнсний үнэ жилийн дотор 159.3%-иар өссөн 
  • Газрын тосны үнэ (Брент марк) – баррель нь $104.47, жилийн өмнө $68.32 байсан. Орос, Украины дайн эхлэхээс өмнө $90 байв.   
  • Дэлхийн контейнерын индекс буюу тээврийн зардал 2022.05.05-ны байдлаар тонн тутамдаа $7724 байгаа нь жилийн өмнөхтэй харьцуулахад 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт.

Ковид-19:

  • БНХАУ дахь Ковид-19 цар тахлын тархалт хамгийн сүүлийн үеийн байдлаар долоо хоногт дунджаар 13000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Урд хөршид сүүлийн нэгхэн сарын хугацаанд 290 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус улс хатуу хөл хорионы дэглэм баримталсаар байна.

Монгол Улс дотоодын үйлдвэрлэл төдийлөн хөгжиж чадаагүй, гадаад худалдааны хувьд нэг улсаас хэт хамааралтай, тэр дундаа уул уурхайн түүхий эдийн үнийн савлагаанд хэт мэдрэмтгий байсаар сүүлийн 20 орчим жилийг үдлээ. Цар тахлаас үүдэлтэй тээвэр, ложистикийн гацаа, түүнтэй холбоотой бий болсон дэлхий нийтийн инфляц Монгол Улсад шууд орж ирсэн гэхэд болно. ҮСХ-ны дарга Б.Батдаваа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нийт инфляцын 50 гаруй хувийг импортын бүтээгдэхүүний инфляц бүрдүүлсэн” хэмээн тодотгосон. Мэргэжилтнүүдийн хувьд “Энэ цаг үе бидэнд эдийн засгийн хувьд өөрийн гэсэн дархлаагаа тогтоох, үйлдвэрлэлээ хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулж ирсэн гэдгийг юу юунаас илүү ойлгуулж байна” хэмээн онцолж буй билээ. Өөрөөр хэлбэл, дотооддоо илүү их үйлдвэрлэдэг байж гэмээн импортын инфляцыг шингээж авах байдал багасна. Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг илүү тогтвортой байх боломж бололцоо бүрдэнэ.

Том зургаар харвал төгрөгийн тогтвортой байдлыг хангах гол “түлхүүр” нь ерөөс эдийн засгийн хүчин чадлаа нэмэгдүүлж, дархлаагаа сайжруулж, нэг улсаас хамааралтай байдлаа багасгах явдал юм. 

Нөгөө талаас хууль эрх зүйн хувьд ч засварлах шаардлагатай зүйл бий гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Өнөөг хүртэл төгрөгийн тогтвортой байдал гэдгийг улстөрчид ханшийн тогтвортой байдал хэмээн тайлбарласаар ирсэн. Гэтэл олон улсын жишгээр бол үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал гэдгийг ерөөс үнийн тогтвортой байдал л гэж ойлгодог. Төв банкууд ч зорилтоо яг л энэ жишгээр “Үнийн тогтвортой байдлыг хангах” хэмээн маш тодорхой зааж өгсөн байдаг. Монголбанкны хувьд 2018 онд Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа үндсэн зорилтоо “Үнийн тогтвортой байдлыг хангах” хэмээн оруулсан ч УИХ хүлээж аваагүй. Улстөрчид төв банк ханшийг заавал хариуцах ёстой хэмээн “гэдийсэн” байдаг. 

Үүнээс үүдэлтэйгээр ямар асуудал үүсч байна вэ гэхээр төв банк хүссэн хүсээгүй ханшийг аль болох тогтвортой барихыг зорьж байна. Үүний тулд долоо хоног бүр валютын дуудлага худалдаа зохион байгуулж, банкуудад ам.доллар нийлүүлдэг. Ингэснээр нэг талдаа ханш тогтвортой байх хэдий ч нөгөө талдаа валютын нөөц дундарсаар буй. Нэгэнт нөөц “шавхагдах” байдалд хүрвэл ханш харваж, түүнээс үүдэлтэй инфляц өсөж, жинхэнэ утгаараа төгрөгийн тогтвортой байдал алдагдаж, нийгэм, эдийн засгийн маш тогтворгүй байдал хүргэх эрсдэлтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг.

Үүнээс сэргийлэх гол гарц нь ханшийг аль болох уян хатан буюу зах зээлийн зарчмаар нь л хөдөлгөх явдал юм. Шууд хэлэхэд, төв банк ханшийн зах зээлд оролцохгүй бай л гэсэн санаа. Харамсалтай нь хуулинд төгрөгийн тогтвортой байдал гээд хоёр талаас тайлбарлаж болохоор заагаад өгчихсөн учраас өнөөгийн нөхцөлд төв банк ханшийг анхаарахаас өөр аргагүй нөхцөл байдалд байна. Ядахад, улстөрчид өөрсдөө үргэлж төсвийг тэлж, халамжийг хавтгайруулах сонирхолтой. “Тойргийн мөнгө”-нөөсөө салах дургүй. Төсвөө хоёр их наядгаар тодотгож, алдагдалгүй болгоё гэж төсөл оруулж ирсэн ч Их хурал дөнгөж 200 тэрбум төгрөгөөр бууруулъя гээд баталчихсан. Гэтэл эцсийн дүндээ төсвийн зах замбараагүй их алдагдал төгрөгийн ханшийг сулруулах дарамтыг үргэлж бий болгож байдаг.

Төсвийн хөрөнгө оруулалтын нэг төгрөг тутмын 55 мөнгө нь импорт болдог гэх судалгаа бий. Хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн 1 их наяд гаруй төгрөг нь гаднаас юм худалдаж авах буюу импорт болно гэсэн үг. Энэ нь өнөөгийнх шиг хямралтай нөхцөлд валютын эрэлтийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг сулруулах хүчин зүйл болж байгаа аж.  Үүнийх нь эсрэг төв банк үргэлж интервенц хийж, зохицуулсаар л байна.

Тэгэхээр инфляц өссөнд нэг талаас гадаад хүчин зүйлсийн зайлшгүй нөлөөлөл байгаа ч нөгөө талдаа төсөв, санхүүгийн сахилга бат, хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой асуудал гээд Монгол Улс дотооддоо шийдэж болохоор шалтгаанууд ч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэндээ дотооддоо асуудлуудаа аль болох эрт шийдчихсэн байсан бол өнөөдрийн гадаад нөхцөл байдлаас хамааралтай хямрал, хүндрэлийг улсаасаа ажрахгүй даваад гарчих ч байсан юм билүү. Дотоод асуудал гэдгийг дахин нэг тодотгоё. Төсвийг алдагдалгүй баталдаг, хөрөнгө оруулалтууд үр ашигтай байх. Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа дэмжих. Ханшийн уян хатан байдлыг хангах, ийм боломжийг Төв банкны хуульд оруулснаар бий болгох.

Эдгээр нь бүхэлдээ төгрөгийн тогтвортой байдал буюу эцсийн дүндээ Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах маш чухал “түлхүүр”-үүд болох учиртай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
2 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.