Зөвхөн монгол хүний сэтгэл зүрхнээс л ийм үзүүлбэрүүд урган гарах болов уу гэж бодогдуулсан тийм сайхан үндэсний хувцасны шоуг толилуулж чадсанд үндэсний хувцасны “Уран гоёл” урлагийнханд талархлаа. Чухам ийм үг шоунд оролцсон хүн бүрийн амнаас унаж, баяр хүргэж байсан юм. Монгол соёл, тэр тусмаа монгол хувцсаа өмсье гэх сэтгэлгээг хүмүүсийн ухамсарт нь шингээж чадсан бол манай шоу зорилгодоо хүрнэ гэж “Уран гоёл” урлангийн зөвлөх, хатагтай Ш.Должинсүрэн хэлж байсан нь ёсоор болжээ.
Үнэндээ л үндэсний хувцсаараа гайхуулсан, өв соёлоороо гоёсон, язгуур урлагаараа бахархсан, өвөг дээдсээрээ бардамнасан, урлаг, урлахыг хослуулсан, сэтгэл зүрхээрээ огшсон, зөвхөн Монголд л үзэж болох тийм сайхан цогц шоу өнгөрсөн Бямба гарагт болсон юм.
Зөвхөн нэг хэрэглэгчийн захиалгаар, цор ганц, давтагдашгүй загварыг тухайн хүндээ зориулан урладгаараа ялгардаг, “Хийцээр гайхуулж, Чанараар илүүрхэнэ” уриатай тус урлангийн анхны шоу маш их онцлох зүйлтэй байлаа.
Оюуны цангааг тайлж, цэнгэл эдлүүлсэн шоуны сонин сайхнаас
Дэлхий нийтээрээ хүндрэлтэй цаг үед нүдээ чухам олсон, хүрэлцэн ирсэн зочиддоо зөвхөн загвар сонирхуулаад гаргасан биш, үндэсний урлагийн тоглолтыг уран яруу тавилттай дэглэн тавьж, мэлмийг нь мялаан оюуны их цангааг нь тайлж, цэнгэл эдлүүлж чадсанд олзуурхууштай.
Загварын үзүүлбэр хоорондох бөмбөрийн нижигнээн, Алтайн магтаал, ятгын эгшиг, уртын дуу, үндэсний хөгжим, эвэр бүрээ, циркийн үзүүлбэр, уран нугаралт. Энэ бүхнийг загварын үзүүлбэртэйгээ гайхалтай хослуулж чаджээ.
Нүүдэлчин регги хэмээх хѳгжмийн шинэ урсгалыг Монголд түгээн дэлгэрүүлж буй залуу уран бүтээлч Н.Мѳнгѳнтулга буюу Macho загварын шоун дахь хамгийн том тэсрэлт хийснийг, байлдан дагуулсныг нь дурдахгүй өнгөрч боломгүй. Түүний монгол үндэсний хөгжим тоглож, хип хоп дуу дуулсан нь зарим хүнийг суудлаасаа эрхгүй босгоход хүргэсэн.
Урлаг соёлын гэр бүлийнхний урлагийн үзүүлбэр болон үндэсний хувцас өмсөж толилуулсныг энд бас орхигдуулж боломгүй. Тодруулбал, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар ая дуугаа өргөн “Уран гоёл”-ын урласан угсаатны хувцсыг өмсөж толиллуулав. Эвэр бүрээч С.Одсүрэн, түүний гэргий, хийлч Х.Ариунсайхан нар хөгжмийн аялгуугаа сонордуулснаас гадна язгууртны хувцас өмсөж сонирхууллаа. УДЭТ-ын жүжигчин, гэр бүлийн хос болох Г.Алтангэрэл, түүний гэргий Г.Номуун нар язгууртны хувцас өмссөн бол шоуны найруулагч Д.Ганпүрэв, гэргий МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ болон тэдний охин Г.Амина нарын ятгын эгшиг сэтгэл зүрхийг догдлуулж чадлаа.
Өөр өөрсдийнхөө урлагийн салбарт танигдсан тэднийг загварын тайзнаа алхахыг харах үзэгчдийн хувьд сонин байсан биз ээ.
Хувцаснуудаа багцаар нь язгууртны, угсаатны, өдөр тутмын, хуримын гэсэн төрлөөр гаргасан нь “Уран гоёл” урлангийн зөвлөх Ш.Должинсүрэнгийн докторантурын ажилтай уялдан илүү их судалгаатай загварууд гарчээ. Тухайлбал, 13-14 дүгээр зууны үед хамаарах булшнаас олдсон язгууртны дээлийг сэргээн засварласан хувилбарыг энд дурдаж болно.
Монголын Эзэнт Их гүрний үеийн язгууртны дээлийг жүжигчин Г.Алтангэрэл өмсөж толилуулав
Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших Цагаан ханангийн агуйгаас эртний булш олдсон аж. Намхан бөмбөгөр оройтой, хагас дугуй хэлбэртэй саравч, шилэвчтэй малгай, 64 см x 29 см дээлийн торгын үлдэгдэл, хоёр ширхэг хавтага, гутал зэрэг язгууртны хувцасны олдвор уг булшнаас олджээ. Монголын Эзэнт Их гүрний үед холбогдох уг хувцасны олдворыг сэргээн засварласанаа “багш” хувилбараар хуулбарлан бүтээснийг УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл өмсөж толилуулснаа аз завшаантай хэрэг хэмээн сүсэглэсэн бодсон биз ээ. Түүхэн ач холбогдолтой энэ хувцсыг сонирхохоор зорьж ирсэн хүн ч байсан.
Харин жүжигчин Г.Алтангэрэлийн гэргий “Хавтаст хэрэг” олон ангит киноны дүрээрээ олонд танил болсон жүжигчин Г.Номуун “Анх удаа загварын тайзан дээр гарлаа. Тэр дундаа олдвороос олдсон язгууртны дээлний сэргээн засварласан загварыг өмсөх завшаан олдсонд үнэхээр их баяртай байна. Бас бахархах сэтгэл төрлөө. Бүх зүйл төгс зохицсон гайхалтай шоу боллоо. Сэтгэлээ шингээж урладаг гайхалтай хамт олонтой хамтарч ажилласандаа маш их баяртай байна” гэж байв.
“Уран гоёл” урлангийн зөвлөх Ш.Должинсүрэн: Цаанаасаа тэсэрч гарч ирсэн бүтээлүүд олон байлаа
Шоуны дараа “Уран гоёл” урлангийн зөвлөх Ш.Должинсүрэнтэй ярилцсан юм.
-Юуны өмнө анхны шоугаа амжилттай зохион байгуулсанд тань баяр хүргэе. Маш том ажлынхаа ард гарлаа. Ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Хүрэлцэн ирсэн бүх хүн сэтгэл дүүрэн байж чадлаа. Би өөрөө ч сэтгэл дүүрэн боллоо. Ээжийнхээ зааж сургасныг өвлөн авсан Должинсүрэн үндэсний хувцасны салбар руу ороход нэг талаараа буянтай юм хийж байгаа, нөгөө талаараа ээжийнхээ хүслийг биелүүлж байгаа гэдгээрээ сайхан байв. Одоо бол урласан хувцсыг маань өмсдөг хүмүүс нэмэгдэхийн хэрээр улам олуулаа болжээ. Долоон жилийн ойдоо зориулан зохион байгуулсан анхны маань шоу. Цар тахлын хүнд үед энэ шоуг хийхэд амаргүй байсан. Цаанаасаа тэсэрч гарч ирсэн бүтээлүүд олон байлаа. Энэ жил охиндоо захирлынхаа албан тушаалыг өглөө.
-Түүхэн үнэт олдвор болох тэдгээр хувцсыг сэргээн засварлах болсон тухайд?
-Өмнөговь аймаг музейгээ энэ тавдугаар сард нээх гэж байгаатай холбогдуулан тэр үеийн хувцсыг судалж байсан багшаар минь дамжуулж, Түүх археологийн хүрээлэнгийн захиалгаар бидэнд энэ санал ирсэн. Монголдоо цорын ганц олдсон гэж хэлж болохоор 13-14 дүгээр зууны үеийн, 15, 16 орчим насны язгууртан хүний хувцасны олдворууд байсан. Гутал нь бүтэн шахуу олдсон. Дээл нь нэлээд асуудалтай, жаахан олдсон торгоны хээг нь бүтэн гаргахад нэлээд хугацаа зарцуулж, торгыг нь сэргээн засах дээр маш их ажилласан. Миний докторын ажлыг удирдаж байгаа Б.Мөнхцэцэг багш маань энэ бүх ажилд зөвлөж явсан. Бид өвөг дээдсийнхээ монгол хувцасны агууг, тэр үеийн торго ямар гоё хээтэй байсныг, ямар уран гоё хувцас урладаг байсныг гайхан биширч, сэргээн засварлахдаа сэтгэлээ шингээн гайхуулж урлалаа. Хаадын хувцсыг дутуу, дундуур хийж болдоггүй юм билээ. Бүрэн хатгамлаар хийсэн энэ бүтээл маань одоо Өмнөговь аймгийн музейн гол үзмэрүүдийн нэг болж очсон.
Тэрбээр мөн “Ерөөлөөр бүтсэн хувцас ерөөл дагуулж ирдэг тул бид хувцсаа ерөөж хийдэг. Хүний хувцсыг ерөөн нэрийг нь дандаа шивнэж хийж байх ёстой гэж “Уран гоёл” урлангийн захирлаар ажиллаж буй охиндоо байнга захидаг. Монголчууд шинэ хийсэн дээлээ өмсгөхдөө ерөөл хэлдэг сайхан уламжлалтай байлаа. Түүн шиг хувцсыг нь өгөхдөө би ерөөл хэлдэг болохоор ерөөл хэлүүлж, хувцсаа өмсөх гоё гээд намайг байхгүйд хувцсаа авалгүйгээр үлдээх тохиолдол их гардаг. Дээл өмсөж байгаа хүн бүтэн байж, бүрэн хувцастай байж, сэтгэл дүүрэн, хангалуун яваасай гэж бодож явдаг даа” гэж ярьсан юм.
Найруулагч Д.Ганпүрэв: Найруулахын сацуу хуураа тоглож, Macho-той хамтарч дууллаа
Соёл судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв уг шоуг найруулсан. Түүнтэй ярилцлаа.
-Шоуныхаа найруулгын талаар та юу хэлэх вэ?
-Хөгжимчин загвар өмсөгч, жүжигчин загвар өмсөгч гээд гэр бүлээрээ оролцоход загвар, уран бүтээлийг яаж хослуулах вэ гэдэг асуудал гарсан, нэлээд бодож хийсэн. Олны танил хүмүүсээр дамжуулан үндэсний хувцасны соёлоо хүмүүст түгээе гэж “Уран гоёл”-ын Должинсүрэн өөрөө санал тавьсан.
-Загвар үзүүлэх урлагийн хүмүүсээ яаж сонгосон бэ?
-Загвар өмсөгчийн нүүр царай гэж чухал юм байна. Жүжигчин хоёрын маань хувьд язгуур хувцас нүүр царайнд нь их гоё зохицдог. Эвэр бүрээч С.Одсүрэнгийн хувьд бие томтой тул хувцас үзүүлэхэд тохирч байсан. Би өөрөө Должинсүрэнтэй докторантурын нэг анги. Найруулах сонирхолтой хэдий ч, тэр бүр найруулаад байдаггүй. Энэ удаа загварын салбарын хувьд анх удаа найрууллаа. Олон улсын хэмжээнд хамтлагийнхаа арга хэмжээг зохион байгуулж байсан туршлага бол байсан. Надад найруулах хүсэлтээ хэлэхэд нь айж, өөртөө итгэлгүй байсан. Ард нь амжилттай гарсандаа баяртай байна.
-Та өөрөө найруулахынхаа хажуугаар үзүүлбэр үзүүлсэн?
-Хөгжмийн урлагт би 30 жилийн амьдралаа зориулсан. Тиймээс шоуг найруулахын сацуу “Алтай” хамтлагтаа хуураа тоглож, уран бүтээлч Macho-той хамтарч дууллаа. Найруулгын хувьд загвар үзүүлэх цаг хийгээд хөгжмийн сонголт маш чухал байсан
-Таны охин бас оролцсоноор гэр бүлийн хоёр биш, бүр гурав болж оролцлоо?
-Охин Г.Амина маань Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурийн ангид суралцдаг. Бид “Уран гоёл”-оос хувцас байнга захиалж өмсдөг. Энэ удаа ч “Уран гоёл”-ын дэгжин, өвөрмөц хувцсуудаар гоёж, уран бүтээлээ хамтарч толилууллаа.
“Уран гоёл” урлангийн захирал Г.Батцэцэг: Өдөр тутмын загвар брэндийн хувцаснаас дутахааргүй болохыг харууллаа
Өвөр Монголын их сургуулийг найруулагчаар төгссөн, 26 настай Г.Батцэцэг ээжийнхээ өвлүүлсэн урлангаа найруулагчийн өндөр мэдрэмжээр харж, шинээр баяжуулахаар түүхийг сонирхон судлах болжээ.
Тэр “Ээж маань урлангаа үндэснийхээ өв соёлыг дээдэлж, хэрэглэгч бүртээ хүрч ажиллаж чадах хамт олон болгон авч явахыг надаас хүсдэг, үүнийг ч хийж чадна гэж надад найддаг. Язгууртан болон угсаатны хувцас өвөг дээдсээрээ бахархах, омогшлыг төрүүлж байсан. Хуримын загварын дээлнүүд маань европ даашинз, хослол өмсөхөөс илүүтэйгээр монгол үндэсний загварын дээлээ өмсье гэсэн хүслийг өдөөлөө. Харин өдөр тутмын загварын коллекцууд маань монгол үндэсний хувцасны загвар, хийц нь ямар ч алдартай брэндээс дутахааргүй чамин, ганган болохыг батлан харуулав.
Анх урлангаа байгуулсан цагаас нь эхлээд үйл ажиллагаа нь хэрхэн, яаж явдгийг харж өссөн. Одоо надад илүү сайжруулах үүрэг ирлээ. Залуус үндэсний соёлоо их судалж, үнэ цэнийг илүүтэй мэдэрдэг болсон байна. Энэ мэдрэмжийг нь илүүтэй хөглөж, үндэсний өв соёлоо олон хүнд сурталчилж, үнэ цэнэтэй түүхээ сэргээн сануулмаар байна. Мөн илүү олон хүнийг монгол өв соёлоороо бахархуулахыг хүсч байна” гэж ярьж байсан юм.
Гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы Монголын үзэсгэлэнт байгалийн зурагнуудаас сонгон үзүүлбэр, хөгжмийн ая бүртэйгээ уядуулан дэлгэцэнд өгсөн нь зохисон гэж ванлий. Хөлс чийхруулж, гайхан бишрүүлж, догдлуулан бахархуулсан үзүүлбэртэй шоуны сурвалжлагаа “Уран гоёл” урлангийн нүүр царай, брэндийг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, тус урлангийн зөвлөх соёл судлалын ухааны доктор, эрхэмсэг хатагтай Б.Мөнхцэцэгийн “Үндэснийхээ урлагтай хослуулан бүтээлүүдээ оновчтой сайхан дэглэн найруулсан нь бусад шоунаас онцлогтой болжээ” гэж хэлсэн үгээр өндөрлөе.
Зочин [103.50.205.159]
Mundag