Инфляц

Бодлогын хүү

Онцлох эшлэл: Инфляцын хурдац тогтворжих хандлагатай байна

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас инфляц, гадаад зах зээлтэй холбоотой онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Инфляц:

  • АНУ, Европын холбоо, хөгжингүй улсуудад сүүлийн 40 жил ажиглагдаагүй өндөр инфляц ажиглагдлаа. АНУ-ын инфляц дөрөвдүгээр сарын байдлаар 8.3 хувь, Европын холбооных 7.5 хувьд хүрчихсан. Европын зарим орны инфляц манайхтай адилхан байна. Чехийн инфляцын түвшин гэхэд 14.2 хувиар хэмжигдэж яваа. Полшийн инфляц 12 хувьд хүрлээ. Хойд хөршийн инфляц 16.7 хувь, Туркийнх бүр 70 хувь байна.
  • Инфляц ганц манай улсын биш, дэлхийн зовлон болчихлоо. Тэр утгаараа том төв банкууд шийдэл гаргаж эхэлсэн. Ялангуяа АНУ-ын төв банк бодлогын хүүгээ эрчимтэй нэмээд эхэллээ. Хоёр долоо хоногийн өмнө бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөсөн. 2006 оноос хойш ажиглагдаагүй өндөр түвшний нэмэлт л дээ.
  • Монголд үнийн өсөлтийн хурдац тогтворжиж байна: Улсын инфляцын дөрөвдүгээр сарын байдлыг харахад гуравдугаар сарынхтай ижил түвшинд анзаарагдсан. Улаанбаатарын хэмжээндгэж яривал 15.8 хувь байснаа 15.2 хувь болж буурсан.
  • Инфляц 17 хувь руу орох эрсдэл байсан: Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханшийг харахаар шатахууны үнэ литр тутамдаа 800 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүсчихээд байсан. УУХҮЯ шатахууныг 25 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдаж авах хэлэлцээрийг оросын талтай хийж байна гэсэн мэдээлэл бий. Энэ хэлэлцээр ажил хэрэг болчихвол шатахууны үнэ өнөөгийн түвшиндөө хадгалагдах боломж бүрдэнэ. Хэрвээ шатахууны үнэ зах зээлээ дагаад литр тутамдаа 800 төгрөгөөр нэмэгдэж, махны үнэ өнгөрсөн жилийнх шиг 10 хувиар өссөн бол инфляц 17 хувь руу орох эрсдэл байсан.

Гадаад зах зээл:

  • Гадаад худалдаа эхний дөрвөн сарын байдлаар 450 сая ам.долларын ашигтай гарсан нь ганцхан шалтгаантай. Тэр нь уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт. Биет хэмжээний бууралт оны эхний гурван сард 1.6 тэрбум ам.доллар байсан бол үнийн өсөлтийн нөхсөн хэмжээ мөн л 1.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
  • Хятад улс энэ жил хилээ нээхгүй байх эрсдэл байгаа: Манай улсын эдийн засгийн төсөөллийг Монголбанк, Сангийн яам 2.6 хувь гээд гаргачихсан. ОУВС-гийн ажлын хэсэг манайд ажиллаад буцахдаа 1 хувь гээд төсөөлчихлөө. ОУВС- ноднингийн 11 дүгээр сард өнөө жилийн эдийн засгийг 7 хувьтай гарна гэж төсөөлсөн. 7 хувиас 1 хувь руу огцом бууруулсан нь цаанаа ганц шалтгаантай. Хятад улс энэ жил хилээ нээхгүй байх эрсдэл байгаа гэсэн үг.
  • Дэлхийн том улсуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөснөөр хөрөнгө оруулалт, зээлийн хүүний өртгийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Манай улс руу орж ирэх зээл, хөрөнгө оруулалтын хүүний зардал нэмэгдэх эрсдэл бодитой болчихлоо. Өөрөөр хэлбэл, бидний гадагш төлөх зээлийн хүү зардал нэмэгдэнэ. 
  • Эдийн засаг дунд хугацаандаа эерэг дүр зурагтай: Ихэнх судлаач, шинжээчдийн байр сууь нэг зүйл дээр нэгдэж байна. Mанай эдийн засаг дунд хугацаандаа эерэг дүр зурагтай гарахаар байгаа. Түүхий эдийн үнэ зах зээл дээр өндөр байгаа учраас хил нээгдээд эхлэнгүүт экспортын орлого огцом өснө. Тодруулж хэлбэл, 2023-2025 он хүртэл манай эдийн засаг 5-7 хувийн өсөлттэй гарна гэсэн таамаг голлож байна.

 

/Эх сурвалж: Өдрийн сонин/

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.