Инфляц

Бодлогын хүү

Ханш тогтворжиход экспорт эерэгээр нөлөөлж байна

5-р сарын 26-ны өдрийн байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 3120 байгаа бол Худалдаа хөгжлийн банк дээр 3122, Хаан банк дээр 3122, байна. Харин Найман шарга дээрх ханш 3127 байна. Ханш энэ сард ханш тогтворжиж, банкууд арилжаан дээр тогтоогоод байсан 1 сая төгрөгийн лимитээ цуцалж, өнгөрсөн 4-р сард 200 төгрөгт хүрээд байсан албан ханш болон захын ханшийн зөрүү үндсэндээ арилжээ.

Валютын зах тогтворжиход экспорт эерэгээр нөлөөлж байна. Оны эхний 4 сард нүүрсний экспортын орлого үнийн өсөлттэй холбоотойгоор 1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсөөд буй билээ.  

Өчигдрөөс эхлэн БНХАУ манай улстай хиллэж буй Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагааг бүрэн нээснээ зарласан. Мөн нүүрс экспортын хамгийн том гарц болох Гашуун сухайт-Ганц мод боомтоор 1-р сард 120 машин нэвтэрч байсан бол 5-р сард 400 болж нэмэгсэн байна. Sxcoal-ын мэдээлснээр урд хөршийн Монголоос авах нүүрсний импорт цаашид нэмэгдэх хүлээлттэй байна.

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2022 он гарснаас хойш 9.5 хувиар суларсан бол мөн хугацаанд Польшийн элот (-8.6%), Евро (-7.7%), БНСУ-ын вон (-7.2%)-иар суларсан байна. Мөн Японы иен, Унгарын форинт, Туркийн лира зэрэг валютууд ам.долларын эсрэг хоёр оронтой тоог давж суларчээ (Зураг 1). Ковид-19 болон Орос-Украйны эрсдэл, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор ам.долларын ханш дэлхийн хэмжээнд чангарах үзэгдэл явагдсан байна.

Зураг 1: Дэлхийн улс орнуудын валютын ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт. /2022.01.01-2022.05.20/

Дата эх сурвалж: Ройтерс терминал

Монгол Улсын хувьд экспортын саатал дээр гадаад орчны эрсдэл, тодорхой бус байдал нэмэгдсэнээр өнгөрсөн сард валютын захад түр зуурын савлагаа үүсээд байсан. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 5-р сарын 26-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төв банк валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан нь сүүлийн 2 жилийн хүчтэй сөрөг шокуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байхад үүргээ гүйцэтгэсэн. Евро, фунт стерлинг, йен гээд дэлхийн нөөцийн валютууд хүртэл сүүлийн 1 жилийн хугацаанд 2 оронтой тоогоор суларч, олон улсын зах зээл чичиргээ савлагаа ихтэй байгааг бүгд харж мэдэрч байгаа” гэж байр сууриа илэрхийлсэн.

Түүнчлэн, “Энэ оны хувьд экспортын гацаа л арилчихвал зэс, нүүрс, алт зэрэг манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ түүхэн өндөр түвшинд байгаа нь бидэнд боломж байгааг илтгэнэ. Төлбөрийн тэнцэл дээрх дарамтууд богино хугацаанд шийдвэрлэгдчих бүрэн боломжтой” хэмээн онцолсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.