Инфляц

Бодлогын хүү

Стагфляцаас гарахад төв банкны хараат бус байдал чухал

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Инфляцтай тэмцэхэд зайлшгүй гашуун эм ууж, эдийн засагт өвдөлт мэдрэгдэнэ гэсэн үг юм. Харин энэ үеийг даван туулахын тулд төв банк бодлогын хэрэгслийн сонголтоо бие даан хийхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх нь чухал бөгөөд ингэж чадаагүйгээс болж стагфляц даамжрах эрсдэлтэйг өмнөх түүх харуулсан байдаг” гэжээ. 

Дэлхий дахинд эдийн засгийн өсөлт саарч, инфляц өндөр түвшинд хүрснээр стагфляцын эрсдэл нүүрлээд буй. ОУВС-аас саяхан Монгол улсад ч мөн адил стагфляцын эрсдэл бийг анхааруулсан. Түүхээс харвал, аливаа улс оронд стагфляц үүсэхэд төсөв, мөнгөний хэт тэлсэн бодлого, түүнийг дагасан эдийн засгийн их халалтыг үед гаднаас хүчтэй сөрөг шок (нийлүүлэлтийн шалтгаантай) орж ирснээр стагфляц нүүрлэдэг байна. 

1970-аад онд Европ, Америкийн түүх үүнийг бэлхэн гэрчилж үлдээсэн. Засгийн газрууд нь эдийн засгийг тэлэх, ажилгүйдлийг бага байлгах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байв. Үүний нөлөөгөөр эдийн засагт хэт халалт бий болж, инфляц гаарч байсан ч бодлого боловсруулагчид филипсийн муруйн (ажил эрхлэлт болон инфляцын урвуу хамаарлыг илтгэдэг) дагуу ажилгүйдлийг бууруулах “төлбөр” нь инфляц гэж үзэж байжээ. Өндөр инфляцыг даган эдийн засгийн бүтээмж муудаж, үнийн өсөлттэй холбоотойгоор цалин хөлсийг нэмэгдүүлэх гэсэн үйлдвэрчний эвлэлүүдийн эсэргүүцэл, жагсаал цуглаан гаарч, эдийн засгийг туйлдуулж байх үед нефтийн шок орж ирснээр стагфляц бий болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл өндөр, эдийн засаг агшилттай байх үед нийлүүлэлтийн шокоор дамжин өндөр инфляц нүүрлэсэн гэсэн үг. 

Түүхэн сургамжаас харвал, бодлого боловсруулагчид стагфляцаас ангижрах гол “түлхүүр” нь бүтээмжийг дээшлүүлэх бүтцийн бодлого, сахилга баттай төсвийн бодлого, хараат бус төв банк ба зохистой мөнгөний бодлого, нийлүүлэлтийн шок багатай гадаад худалдааны бодлогын хослолоор илэрхийлэгддэг аж. Ялангуяа энд Төв банкны хараат бус байдал чухлаар тавигддаг. Учир нь стагфляцаас гарах ерөнхий “жор” нь ерөөс эдийн засгийн өсөлтийг гаргууд нь хаяж, инфляцаа дарж авах байдаг. Үүний дараагаар эдийн засгийн өсөлт ч үгүй, инлфляц ч нам дор байх үед бүхнийг шинээр эхэлдэг гэсэн санаа. Харин инфляцтай тэмцэхэд төв банкны хараат бус байдал нэн чухал гэдэг нь олон улсын түвшинд хийгдсэн маш олон судалгаагаар нотлогдсон байдаг билээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.