Инфляц

Бодлогын хүү

Засгийн газрын шинэ сайд нарын хэн нь хэн бэ 

 

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын шинэ сайд нарын томилгоог хийсэн. Шинээр байгуулагдсан Засгийн газар чиг үүргийн дөрвөн яам, чиглэлийн 12 сая, яамгүй тав, нийтдээ 21 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулах юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй гэх заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “дан дээлтэй” сайд нараа чөлөөлж, оронд нь УИХ-ын дан УИХ-ын гишүүдээс бүрдсэн шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулаад байна. Тэгвэл шинээр томилогдсон сайд нарын хэн нь хэн бэ. 

  1. ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан 

Түүний хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг олон жил хашсан. МАН-ын сүүлийн жилүүдийн ялалтын ард “гол тоглогч” хийж ирсэн. Улс төрийн хүрээнийхэн болоод, улс төр судлаачид түүнийг шилдэг стратегич хэмээн үнэлдэг. МАН-аас төрөн гарч ирж буй дараагийн лидер улстөрчдийн нэг болох “нигууртай”. Зарим хүн түүнийг дараагийн Ерөнхий сайд болохыг ч үгүйсгэх аргагүй гэх юм билээ. Ямартай ч тэрбээр ийнхүү шинэ Засгийн газрын “гал тогоо”-г барихаар болсон тул МАН-ын генсекийн ажлаа өгөх нь. Харин түүний орыг УИХ-ын гишүүн асан, одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хавсран гүйцэтгэх магадлал өндөр байгаа сурагтай. 

  1. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар

Дарханаас сонгогдсон эрхэм гишүүн энэ удаад хотын замын түгжрэлийн асуудалд анхаарал хандуулахаар болж байна. Уг нь Хууль зүйн ухааны мэргэжилтэй, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. 2008 онд анх сонгогдоод, 2012 онд МАН ялагдаж, Н.Энхбаяр МАХН-ыг авч, өрх тусгаарлахад дагаж явж байсан. Гэвч эргээд 2019 онд МАН-д эргэн ирж, 2020 оны сонгуулиар Дархан Уул аймагтаа дахин нэр дэвшиж, сонгогдсон билээ.

  1. Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ 

Их аварга маань энэ удаад биеийн тамир, спортыг улс орон даяар хөгжүүлэх үйлсэд Засгийн газрын сайдын хэмжээнд зүтгэх нь. Анх 2004 онд УИХ-д сонгогдсоноосоо хойш тасралтгүй Хэнтий нутгаас сонгогдож буй “дархлагдсан” түшээдийн нэг гэлтэй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржтой өрсөлдөөд, багахан хувийн саналаар ялагдсан. Мөн 2016-2017 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаад амжсан. Хуульч мэргэжилтэй. Түүний хувьд өөрийн “Аварга” биеийн тамын дээд сургуультай. Гээд бодохоор спортыг хэрхэн хөгжүүлэх вэ, тамирчдыг хэрхэн бэлтгэх вэ гэдгийг дээд сургуулийн түвшинд хангалттай сайн мэдэх нь дамжиггүй. Харин улсын хэмжээнд олимп, дэлхийн аваргыг төрүүлэх бодлого гэдэг дээд сургууль удирдахаас арай л өөр байх болов уу. Гэхдээ ямартай ч төрийн төлөө тасралтгүй 18 жил “зүтгэсэн” туршлага нь хаачих билээ. 

  1. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 

Өмнөх Засгийн газрын сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар. Тэрбээр 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийг дүүргээд ОХУ-ын Ленинградад эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн Авсралийн Сиднейн их сургуулийг дүүргэжээ. Ажлын анхны гараа нь Үндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан байсан бол дараа нь МУИС-ийн эдийн засгийн сургуульд багшилж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд, төсвийн байнгын хорооны дарга гээд улс төр дэх эдийн засагтай холбоотой бараг бүхий л салбарт ажилласан нэгэн. 2008 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш өнөөг хүртэл тасралтгүй “улсын хэрэг”-т “хутгалдаж” яваа эрхэм юм. Ерөнхийдөө бол эдийн засгийн хөгжлийн сайдаар эдийн засгаа мэддэг улстөрчийг томилж байх шиг. Цааш цаашдаа Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн “түлхүүр” болох олон төслүүдийг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцах учиртай. Тиймээс энэ суудалд Ч.Хүрэлбаатарын дайны улстөрч байж гэмээн томоохон төслүүдийн хүнд зүтгүүрүүдийг урагшлуулах биз ээ.

  1. Зам тээврийн сайд С.Бямбацогт 

2008 оноос хойш парламентын гишүүнээр тасралтгүй сонгогдон ажиллаж, энэ хугацаандаа байнгын хорооны дарга, бүлгийн даргаас эхлээд Монгол Улсын Хууль зүйн сайдын албыг хүртэл хашсан, МАН-ын “дажгүй” улстөрчдийн нэг юм. Зам тээврийн салбарын томоохон “хар толбо” болоод буй Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаас эхлээд, экспортын шинэ гарц болох Гашуунсухайт, Хангимандал, Шивээхүрэн, Бичигтийн боомтын төмөр замын ажлыг эрчимжүүлэх, зам тээврийн салбарыг нэгдсэн стандарттай болох гээд түүнд хийх ажил мундахгүй.  

  1. Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учрал 

МАН-ын залуу үеийн төлөөлөл Ням-Осорын Учрал. Нэг хэсэг Тимон нэрээр уран бүтээл туурвиж, цөөнгүй дуу дуулж явса тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиар гэнэт л гараад ирчихсэн гэхэд болно. Залуу хүн гэлтгүй гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн, басхүү УИХ-д орж ирэхээсээ өмнө 2012 оноос хойш намын хороо, ЗГХЭГ, намын бүлэгт ажиллаж, улс төрийн халуун тогоонд “чанагдсан” нэгэн. 2015 оноос хойш НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-д сонгогдон, эдүгээ хоёр дахь дөрвөн жилийнхээ нүүрийг үзэж явна.

  1. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар 

“Оргил”-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар гишүүн энэ удаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдлоо. Эдийн засагч мэргэжилтэй, дотоодын их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн. 2016 оноос хойш УИХ-д сонгогдон ажиллаж буй. 2019 оноос хойш УИХ-ын ЭЗБХ-ны даргаар ажиллаж байгаа юм. Түүний ажил, хөдөлмөрийн замнал ерөнхийдөө л “Оргил” худалдааны төвтэй салшгүй холбоотой. Гэтэл энэ удаад Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн “гол хөдөлгүүр” болсон уул уурхайн салбарыг ахлахаар боллоо. Ямартай ч зарим хэвлэлүүд “чихрийн наймаачин” уул уурхайн сайд болсон талаар онцлоод эхэлсэн байна билээ. Хэр тохирохыг цаг хугацаа аяндаа харуулаад өгчих байх өө. 

  1. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 

Увсын Чойжоо, Хурдын Чойжоо гэхээр хэн ч андахгүй дээ. Увс аймагт 10 жилийн боловсрол эзэмшиж, хойд хөршид дээд боловсрол эзэмшсэн. 1995 онд “Хурд” группээ өлгийдөн авч, эрийн цээнд нь хүргээд 2005 оноос хойш улс төрд хөл тавьжээ. 2005-2008 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаад 2008 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ ухагцаанд 2016-2017 онд Монгол Улсын Сангийн сайдын албанд томилогдон ажилласан. Ямартай ч 2016-2017 оны үеийн Монгол Улсын эдийн засгийн ихээхэн хүнд үеийг даван туулахад түүний оруулсан хувь нэмэр бий гэдгийг хэн ч үгүйсгэхгүй болов уу. Энэ удаад эрчим хүчний салбар мөн л эгзэгтэй хүнд үедээ байна. Хүнд үеийг даван туулаад, салбарын томоохон бүтээн байгуулалтуудыг урагшлуулахад түүнийг хувь нэмрээ оруулна хэмээн Ерөнхий сайд үзсэн байна лээ.

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун 

Шинэ сайд нарын дундаас ганц “баг алж” яваа сайд гэлтэй. Дорнод аймгийн “Дорнод гурил” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн мэргэжилтэй. 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Энэ хугацаандаа 2016-2020 оны ЖДҮ-ийн зээлийн дуулианд нэр нь “орооцолдоод” амжсан. Өөрөөр хэлбэл, түүнийг УИХ-ын гишүүний эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан өөрийн мэдлийн “Дорнод гурил” ХХК-д ЖДҮ-ийн сангаас 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон тухай мэдээллүүд бий. Гэхдээ өнөөг хүртэл түүнийг буруутай гэсэн ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй, мөн УИХ-д дахин сонгогдон ажлаа үргэлжлүүлсээр буй билээ. Шинэ Засгийн газрын хувьд ямартай ч Хүнс, хөдөө аж ахуйн салбараа яг тухайн салбарын мэргэжилтэй хүнд атгуулав. 

  1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл 

Сэтгүүл зүйн салбараас улс төрд хөл тавьсан эрхмүүдийн нэг болох Д.Сарангэрэл. “Ковид-19” дөнгөж дэгдэж байх үеэр Эрүүл мэндийн яамыг удирдаж, ковидыг оруулж ирэхгүй байхын төлөө чармайн ажилласан. Ингэж сайн ажилласан хэмээн “Улсын хатан эх” цолоор өргөмжлүүлээд амжсан. Ажил мэргэжлийн гараагаа Радио телевизийн улсын хорооноос эхэлж, 2003 онд ТВ5 телевизээ үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байв. Мөн 2005-2010 он хүртэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад, 2012 онд УИХ-ын сонгуулиар сонгогдон гарч ирсэн билээ. Түүнийг МАН-ын шилдэг эмэгтэй улстөрчдийн нэг, сайн менежер, удирдагч хэмээн үнэлэх нь бий. Нөгөө талаас ковидын халдвар дотоодод тархаагүй байхад, хэтэрхий “сүржигнэж”, хөл хорио тогтоож, нэг хүн эмчлэхэд хэдэн сая төгрөг зарцуулсан, бодит байдал дээрээ яг халдвар тархахад олигтой бэлтгэл огт хангаагүй байсан гэж шүүмжлэх нь ч бий. Гэхдээ л “улсын хатан эх” маань энэ удаад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг удирдахаар боллоо. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.