Инфляц

Бодлогын хүү

Бодлогын хүүний нөлөө: Төгрөгийн хадгаламжийн хүү 10-12 хувь болж өсч эхэллээ

Монголбанк есдүгээр сард бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэж, хүүгийн коридорыг +/-2 нэгж хувийн өргөнтэй болгосон. Төгрөгийн суурь өгөөжийг ийнхүү өсгөснөөр хадгаламжийн хүү нэмэгдэх, гадаад валют руу хөрвөлт багасч, ханш тогтворжих, эцсийн дүндээ ханшаар дамжаад инфляци дээр ирэх дарамт буурна гэсэн хүлээлт үүсээд байсан юм.

Мөнгөний бодлогын хорооны есдүгээр сарын 20-ны өдрийн энэхүү шийдвэрээс хойш Хас банк хамгийн эхэнд хугацаатай хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлснээ зарлаад байна. Тус банкны нэг жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү 9-11 хувь болж нэмэгджээ. Мөн Голомт банк 9.3 хувийн хүүтэй байсан нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүүгээ 10 хувь болгож өсгөв. Дотоодын хадгаламжийн зах ширүүн өрсөлдөөнтэй тул харилцагчаа алдахгүйн тулд бусад банкууд ч удахгүй хүүгээ шил дараалан өсгөх болов уу.

Эдийн засгийн хүндрэл, тодорхой бус байдал дунд инфляци хоёр оронтой тоогоор өсч, төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 10 гаруй хувиар сулраад буй. Энэ нөхцөлд иргэд хадгаламжийнхаа хугацааг дуусгаад, дахин сунгахгүйгээр өөр хөрөнгө оруулалт хайж банкнаас мөнгөө татах, эсвэл долларын хадгаламж руу хөрвүүлэх “дарамт” банкуудад ирж байгаа нь тодорхой юм. Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх нь энэ асуудалд чухал шийдэл болох учиртай. Бодлогын хүүний суваг хурдтай ажиллаж, банкууд хадгаламжийн хүүгээ өсгөж буй үйл хөдлөлөөс Төв банк төгрөгийн суурь хүүг өсгөсөн нь цагаа олсон шийдвэр байсан нь харагдаж байна.

Төв банк 14 хувийн хүүтэй 28 долоо хоногийн хугацаатай шинэ ТБҮЦ арилжаалж эхэлсэн нь хүүний шилжих механизмын гол хөшүүрэг болж байна. Шинэ ТБҮЦ нь банкууд харилцагчаас өндөр зардлаар шинээр татаж буй эх үүсвэрээ байршуулах, валют руу хөрвөх эрсдэлтэй төгрөгийг Төв банкинд харьцангуй өндөр хүүгээр түгжих боломжийг нээж буй. Есдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 200 тэрбум төгрөг энэхүү үнэт цаасанд байршиж, Төв банкинд татагдсан нь энэ хэмжээгээр ханш, инфляци дээр ирэх дарамтыг сулруулсан гэсэн үг. Мөнгөний бодлогын хороо хүүний коридорын өргөнийг нэмэгджүүлж +/-2 хувийн өргөнтэй болгосон тул шинэ ТБҮЦ нь репо гэх мэт бусад санхүүжилтийн хэрэгсэлтэй арбитраж үүсэхээргүй байна.

Мөнгөний бодлого хатуурч, төгрөгийн хадгаламжийн хүү өссөнөөр банкуудын эх үүсвэрийн өртөг өсөх нь мэдээж зээлийн хүүг өсгөх нөлөөтэй. Улмаар энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусах нь ойлгомжтой. Хэрэв ханшийг тогтоох, инфляцийг сааруулах зорилгоор бодлогын хүүг илүү эрчтэй өсгөвөл эдийн засаг борцлогдож, хямрал руу шууд орох өндөр эрсдэлтэй. Ханшийн асуудлын гол шийдэл нь валютын орлого, харин инфляцийн гол шалтгаан нь импортын барааны үнэ гэдэг нь тодорхой байна. Бодлогын хүүгээр үүнийг шийдэх гээд хэт өсгөх нь иргэд аж ахуйн нэгжүүдээ боомилно гэсэн үг юм. Тийм ч учраас бодлогын хүүг хэт хурдтай өсгөлгүйгээр хүүний коридорыг өргөсгөөд, шинэ ТБҮЦ арилжаалж эхэлсэн нь санхүүгийн захад хурдтай нөлөөлөх ч бодит эдийн засгаа бодсон шийдэл гэж дүгнэж болохоор байна.

Б.ЖАРГАЛ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.