Инфляц

Бодлогын хүү

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар (2022.11.30) Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

 

Хууль тогтоомжийн тухай хууль нь 2015 онд батлагдсан, 11 бүлэг, 53 зүйлтэй. Уг хуульд батлагдсанаас хойш нийт 7 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон. Хуулийн төсөлд нийгмийн харилцааны тулгамдсан асуудлыг харгалзан тухайн хуульд нэмэлт оруулах, хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, тодорхой зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцож байгаа тул  Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтад заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн хууль санаачлагч танилцуулав.

 

Хуулийн төсөлд тусгагдсан зарчмын шинжтэй өөрчлөлтийг дурдвал:

 

1.Хууль тогтоомж санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн хүрээнд бус Хууль тогтоомжийн тухай хуулиар нарийвчлан зохицуулж, хууль тогтоомжийг санаачлан боловсруулахтай холбогдсон асуудлыг цогцоор нь тусгах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийн зорилгод энэ талаар оруулж, хуулиас гадна Улсын Их Хурлын бусад шийдвэр санаачлахад тодорхой хүрээ, хязгаар тогтоолоо. Уг зохицуулалттай уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж боловсруулсан.

 

2.Хуулийн төсөлд Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулахаар, үндсэн чиглэлийн төсөлд санал өгөх байгууллага нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны, эсхүл энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу нийгмийн тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлохоор тусгажээ.

 

3.Хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх нь нэг талаар давхацсан, нөгөө талаар хуулийн хэрэгжилтийг тухайн хууль батлагдсанаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа үр дүнг тооцож, хэрэгжилтийг тодорхойлдог бөгөөд хууль тогтоомжийн зорилго болон үзэл баримтлалаар тодорхойлсон үр дүнд хүрэх байдлыг тогтмол хугацаанд ажиглан дүгнэлт өгөх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, түүний хэрэгжилтийг үнэлэх нь бодит бус дүгнэлт гарах магадлалтай тул хасах өөрчлөлтийг тусгасан.

 

4.Хуулийн төслийн төрлийг анхдагч, хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн шинэчилсэн найруулгын тухай болон хууль хүчингүй болсонд тооцох тухай гэж шинэчлэн тогтоож, тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр бол багц хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж болохоор оруулсан.

 

5.Хуулийн төслийн танилцуулгыг товч болон дэлгэрэнгүй хийхээр тусгаж, дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбар хийхээр, уг тайлбарт хуулийн төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо, ухагдахууны үүсэл, хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцаа, түүний зохицуулалтыг хэрхэн ойлгох талаарх мэдээллийг оруулахаар заасан. Ингэснээр хууль санаачлагч ямар агуулгаар холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар хууль хэрэглэх явцад ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл танилцуулгад дурдсан тайлбарыг эх сурвалж болгон ашиглаж болох зохицуулалтыг тусгасан.

 

6.Одоогийн хууль тогтоомжоор Улсын Их Хурлаас баталсан хуулиудын албан бус орчуулгыг хийх талаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн төсөлд Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулахаар тогтоолоо. Хууль санаачлагч өөрийн санаачлан Улсын Их Хурлаар батлуулсан хуулийн албан бус орчуулгын хувиас гадна худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр батлуулсан хуулийн албан бус орчуулгын хувийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, уг санд оруулахаар хуулийн төсөлд тусгаж, үүнтэй уялдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан.

 

7.Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.1.2-12.1.6-д заасан аргачлал хамаарахгүй хууль тогтоомжийн төслийг заасан бөгөөд уг хэсэг дэх хөгжлийн бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх шаардлага тулгарсан. Иймд хуулийн төсөлд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.12, 4.1.13-т заасан Улсын Их Хурлаар батлах шаардлагатай хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.11, 12.2.12, 12.2.13-т заасныг уялдуулах, мөн Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газар батлахаар хуулийн төсөлд тусгаж байгаатай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2.14 дэх заалтыг хасах өөрчлөлтийг тусгав.

 

8.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.” гэж Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийг заасанд нийцүүлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд тодорхойлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаарх нэмэлтийг тусгалаа. Түүнчлэн хуулийн төсөлд тавих нийтлэг шаардлагад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан байх шаардлагыг нэмж тусгасан.

 

9.Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчилж, үйл ажиллагааны дүрмийг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар, эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийх, үүнээс бусад үнэлгээ, судалгааг захиалгаар гэрээний үндсэн дээр хийж болохоор чиг үүргийг тодорхой тусгасан аж.

 

 

 

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

 

Дотоодын цэргийн тухай хуулиар дотоодын цэргийн чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, улсын онц чухал болон бусад объектын хамгаалалттай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

 

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна” гэж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасан “Мэргэшсэн, тогтвортой байх” гэж, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад заасан “Албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах” гэж заасан зохицуулалт хангагдах юм.

 

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг шинээр тусгасан аж.

 

Нэг.Дотоодын цэргийн тогтолцоо, алба хаагчийн эрх зүйн байдал:

 

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дотоодын цэргийн тогтолцоо, алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах орчин нөхцөл бүрдэж, улсын онц чухал объектын хамгаалалтын үйл ажиллагаа болон бусад чиг үүргийн хэрэгжилт сайжирна гэж үзжээ. Тухайлбал:

 

1.Дотоодын цэргийг “Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн.” гэж тодорхойлон, төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох нэгжтэй байхаар зохицуулсан.

 

2.Дотоодын цэргийн штабыг Дотоодын цэргийг удирдах мэргэжлийн төв байгууллага болгон, штабын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хуулийн төсөлд цагдаа болон дотоодын цэргийн аль нэг байгууллагад, эсхүл тухайн 2 байгууллагад нийт 18-аас доошгүй жил ажилласан байхаар тусгаж, Дотоодын цэргийн командлагчийн эзгүйд тодорхой эрхийг штабын дарга хэрэгжүүлэхээр тусгасан.

 

3.Дотоодын цэргийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх  заалтад заасан “Хот, суурин дотор такси үйлчилгээнээс бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих;” гэж, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч шилжин ажиллах болсноос шалтгаалан эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнийг тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно;” гэж, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална.” гэж заасан нийгмийн баталгааг Дотоодын цэргийн алба хаагчид нэгэн адил эдлүүлэх зохицуулалтыг бий болгосон.

 

4.Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед Дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийхийг хориглож, хараат бус байдлаар албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж, бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын нэгэн адил алба хаасан хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцохоор хуулийн төслийг боловсруулсан.

 

Хоёр.Хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт:

 

1.Улсын онц чухал объектод үүссэн цагийн байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч хэрэгсэл дайчлах, объектын хамгаалалтын найдвартай, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, инженер, техникийн хэрэгслийг нэвтрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилтийг авч ашиглах талаар зохицуулалтыг бий болгоно.

 

2.Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан, шаардлагатай тохиолдолд улсын онц чухал объектоос бусад объектыг Дотоодын цэргийн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.

  3.Улсын онц чухал объектын хамгаалалтад гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтад байгаа объектын ойр орчимд илэрсэн сэжиг бүхий хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг шалгахад баримтлах Цагдаагийн албаны тухай хуульд заасан үйл ажиллагааны нийтлэг шаардлагыг нэмж тусган, гаргасан зөрчлийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мөрдөх журам, зарчмыг нэмж тусган, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгуулалтад шилжүүлэх зохицуулалтыг бий болгосон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.