Инфляц

Бодлогын хүү

Б.Лхагвасүрэн: Эхний ээлжинд IPO хийхээр зөвшөөрөл хүссэн 3 том банканд зөвшөөрөл өгсөн

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн макро эдийн засаг, санхүүгийн зах зээл, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын талаар Ийгл телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Сүүлийн саруудад Монгол Улсын хувьд инфляц буюу үнийн өсөлт гол тулгамдсан асуудал болоод байна. Хамгийн сүүлд зарлагдсан тоон мэдээллээр 7 дугаар сарын инфляц 15.7 хувьд хүрээд байна. Үүний эсрэг Төв банк ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ? Зарим эдийн засагчдын хувьд бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал, инфляцын орчинд мөнгөний бодлогын арга хэрэгсэл хэр оновчтой байна?

7 дугаар сарын инфляц 15.7 хувь байна. 8 дугаар сард өмнөх сарынхаас буурч гарах төсөөлөл байна. Сүүлийн 2 сарын хугацаанд инфляцын хурд тогтворжиж байна. Урьдчилсан байдлаар инфляц 8 дугаар сарын эцэст 14.1%-д хүрч, нэг нэгж хувиар доошоо буухаар байна. Инфляцын хурд саармагжиж байгаа нь бодлогын үр дүн гэж харж байна. Цаашид инфляц гадаад орчны төвөгтэй байдал хэр удаан үргэлжлэх вэ гэдгээс ихээхэн хамаарна. Мөнгөний бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч байна уу гэдэг асуултын хувьд инфляцын шалтгаан юу вэ гэдэг асуулттай холбогдоно. Хэрвээ инфляц эрэлтийн шинжтэй үүсэж, эдийн засаг сэргэхийн хэрээр бий болсон бол мөнгөний бодлогоор эрэлтийг бууруулж, хязгаарласнаар зохицуулж болно. Гэтэл 7 дугаар сарын байдлаарх 15.7 хувийн инфляцын бүрэлдэхүүнийг харвал ихэнх нь буюу 10 нэгж хувь нь импортын гаралтай байна. Инфляцын түвшнийг тооцдог хэрэглээний сагсан дахь 373 нэр төрлийн бараа,  үйлчилгээний 203 нь импортоор авдаг бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг. Инфляцад импортын нөлөөлөл их байгаа үед мөнгөний бодлогын арга хэмжээгээр шууд нөлөөлж чадахгүй. Гэхдээ бид мөнгөний бодлогыг оны эхнээс хойш хатууруулснаар бодлогын хүүг 10 хувьд хүргээд байна. Бодлогын хүүг чангаруулж байгаа нь эрэлт их байгаа тэр хэсэгт нөлөөгөө үзүүлнэ. Инфляцын түвшнийг тодорхой хугацааны дараа зорилтот түвшинд хүргэх шийдвэрүүдийг Төв банк гаргаж байгаа.

-Хамгийн сүүлд 6 дугаар сарын 22-нд Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг 10 хувьд хүргэсэн. Бодлогын хүүгийн өөрчлөлт статистик үзүүлэлт дээр яаж харагдаж байгаа бол? Сүүлийн үед иргэдийн хувьд зээл гарахгүй байна, суурь хүү нэмэгдсэн нь банкуудын зээлийн хүүг нэмэгдүүлж банкууд зээл олгох сонирхол буурч байна гэх болсон. Зээлийн статистик дээр бодлогын хүүгийн өөрчлөлт ямар байдлаар харагдаж байгаа вэ?

Мөнгөний бодлогыг хатууруулж байна гэдэг нь санхүүжилт гарах боломжийг багасгана гэсэн үг. Дээр нь санхүүжилт авч байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээгээр зардлын дарамт үзүүлж, тэр хэмжээгээр зээл, санхүүжилтийн эх үүсвэрийг багасгах бодлого юм. Зургаа, долоодугаар сарын хувьд зээл багассан шалтгаан нь цаг хугацааны хувьд давхацсан зарим үйл явдалтай холбоотой гэж Төв банкны зүгээс харж байна. Банкуудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт оруулахаас өмнө олон улсын хөндлөнгийн байгууллагаар активын чанарын үнэлгээг том таван банканд хийлгэлээ. Энэ үнэлгээний үйл явцтай уялдуулаад банкууд санхүүгийн тайландаа эрсдэлтэй өөрчлөлт гаргахгүй гэсэн үүднээс зээл гаргалт дээр болгоомжтой хандсан тал бий. Энэ бүхэн нь бодлогын хүүгийн өөрчлөлттэй  давхацсанаар зээл хомсдоход нөлөөлсөн болов уу. Одоогоор эрэлтийн шинжтэй инфляцын дараагийн шатны давлагаа бий болохоос сэргийлсэн мөнгөний бодлого хэрэгжиж байна. Энэ бодлогын хатуу төлөвийн үр дүн тодорхой хугацааны дараа гарна. Бидний тооцоо, төсөөллөөр инфляц 2023 оны эцэс, 2024 оны эцэс эхэн үе гэхэд Монголбанкны зорилтот түвшин болох 6 хувийн голчтой, 8 хувь орчимд хүрэх төлөвтэй байна. 

-Үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварыг бууруулж байгаа. Ихэнх бараа бүтээгдэхүүний үнэ 30 орчим хувиар өссөн харагдаж байна. Иргэдийн худалдан авалт, бодит орлого, цалин хөлс төдийлөн нэмэгдээгүй байгаа энэ үед Төв банк инфляцын нөлөөлөл өрхүүдэд хэр тусаж байгаа талаар судалгаа хийж байна уу?

Төв банкны хувьд инфляцыг тодорхой зорилтот түвшний орчимд хадгалахыг зорьдог.  Инфляцыг Төв банк нь өөрөө хэмжээд явах нь учир дутагдалтай учраас Үндэсний Статистикийн Хороо бүх тооцооллыг хийж, нийтэд зарладаг. Үүнтэй зэрэгцээд инфляцын түвшин орлогыг хэр хомсдуулж, худалдан авах чадварыг хэр зэрэг алдагдуулж байна вэ гэдгийг давхар тооцдог. Инфляцын түвшин 20 гаруй хувиар өсөх юм бол хүн амын тодорхой хэсэг буюу дунджаас доогуур орлоготой, ядуу өрхүүдэд хамгийн хүнд нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Тэр тусмаа 20 хувийн өсөлт бол өөрөө 400 мянга гаруй иргэний орлого дээр дарамт үзүүлнэ гэсэн тооцоо бий. Инфляц сүүлийн нэг жилийн хугацаанд өндөр түвшинд байна. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлээд инфляц хурдаа авсан. 2021 оны эхний хагаст инфляцын түвшин Монгол Улсын хувьд жилийн 1-2 хувьтай байсан. Тавдугаар сараас БНХАУ “Tэг ковид” бодлого баримталснаар манай хилийн боомтууд хаагдаж, гадаад худалдаанд саатал үүссэн. Үүнээс үүдэн инфляц эрчимжиж, 2021 оны 12 дугаар сарын эцэс гэхэд 13 хувьд хүрсэн. Харин 2022 оны 4 дүгээр сараас хойш инфляцын эрчимжилт буурах талтай байна. Инфляцыг бууруулах нь Төв банкны гол зорилго юм. Инфляц зөвхөн Монгол Улсад биш дэлхий даяар л бий болж байна. АНУ-д өнгөрсөн сард инфляц 9% байсан бол Европын бүсэд 8.5% байна. Цаашид энэ оныг дуустал Орос-Украины асуудлаас болоод нефть, газрын тосны үнийн нөлөө оны эцэс хүртэл үргэлжлэхээр байна. Энэ байдлаараа эдгээр улсуудад инфляц өндөр түвшинд хадгалагдах юм байна. Манай улсын хэрэглээний сагсны 50%-аас илүү нь импортын бараа бүтээгдэхүүн байгаа нь Монголд орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн инфляцыг өндөр түвшинд хэвээр хадгалахад нөлөөлөөд байна гэж Төв банкны зүгээс харж байна.

-Оны сүүлээр ханшаар өдөөгдсөн инфляц хүчтэй байх төлөв байна гэж зарим эдийн засагчид ярьж байна. Учир нь төлбөрийн тэнцэл өнгөрсөн сарын статистикаар 1.3 тэрбум долларын алдагдалтай гарсан байгаа. Энэ нь манай улсад валютын нөөц хомсдож тэр хэрээр төгрөгийн эсрэг доллар чангарах нөхцөл болж байна. Оны эхнээс төгрөг ам.долларын эсрэг хэдэн хувиар сулраад байна вэ? Төв банкны гадаад валютын албан нөөц өнөөгийн байдлаар ямар байна вэ?

Өнгөрсөн онд Ковид 19-оос үүдэлтэй хил хаагдахаас өмнө манай улсын валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 5 тэрбум ам.долларт хүрч байсан. Хорио цээрээс хойш экспортын орлого буурсан. Ялангуяа нүүрсний экспорт Ковидоос өмнө 2019 онд 36 сая тоннд хүрч байсан бол энэ оны эхний 7 сарын байдлаар дөнгөж 11 сая тонн байна. Харин манай импорт өнгөрсөн онд 40 гаруй хувиар өссөн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 25% өсөлттэй явна. Экспорт багасаж, импорт нэмэгдэж байгаа нь худалдааны тэнцлийг алдагдуулж байна. Урсгал тэнцэл маань бас их алдагдалтай байгаа. Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотой их хэмжээний хөрөнгө оруулалтын зардлууд гарч байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтад жилдээ тэрбум долларын хөрөнгө оруулалтын зардал гардаг нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг өсгөж байна. Үйлчилгээний хэсэг, тээврийн салбар, аялал жуулчлал, боловсролын салбар дээр мөн алдагдалтай явж байна. Наймдугаар сарын 31-ний байдлаар валютын нөөц 2 тэрбум 690 сая ам.доллар буюу 4-5 сарын импортын хэрэглээг хангахуйц түвшинд байна. Олон улсын жишиг тооцоогоор 3 сараас илүү байвал хангалтай гэж үздэг. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд экспортын орлого маш чухал. Мөн импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг яаж орлуулах, өөрсдөө яаж үйлдвэрлэдэг болох вэ гэдэг дээр томоохон шийдэл гаргах шаардлагатай.

Ханшийн хувьд Төв банк хоёр сонголтын өмнө ирчихсэн байна. Ханшаа тогтвортой байлгая гэвэл зах зээлийн эрэлт хэрэгцээгээр доллар нийлүүлэх хэрэгтэй. Эсвэл нөөцөө хамгаалаад тодорхой хэмжээний хязгаартайгаар доллар нийлүүлнэ гэж үзвэл ханшийг хэсэг хугацаанд чөлөөтэй байлгах ёстой. Төв банкны хууль дээр ханшийн бодлого чөлөөтэй хөвдөг байх хуулийн зохицуулалттай. Жилийн хугацаанд төгрөг ам.долларын эсрэг 12%-аар суларсан байна. Геополитикийн асуудлаас үүдэж бүх улс орнуудын валют суларч байна. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөж байгаа шийдвэрүүд нь долларын үнэ цэнийг нэмэгдүүлснээр бусад улс орны мөнгөн тэмдэгтийн эсрэг нийтлэг чангарч байгаа.

-Валютын нөөц хязгаарлагдмал. Нэмэгдэх эсэх нь нүүрсний экспортоос хамаарахаар байна. 2023 онд их хэмжээний өрөө бид төлж эхэлнэ. Иймд их хэмжээний валют бидэнд шаардлагатай байгаа. Тэгэхээр экспорт хэр байхаас хамаарч байна гэж ойлгож болох уу?

Монгол улс руу валют хэр ихээр орж ирэх вэ гэдэг нь бид экспортоо хэр хэмжээгээр нэмэгдүүлж чадах вэ гэдгээс хамаарна. Мөн хэр их хөрөнгө оруулалт манай улсад орж ирэх, ямар санхүүжилт, хөтөлбөрүүд манайд хэрэгжиж байна вэ гэдгээс хамаарна. Ковидын хоёр жилийн хугацаанд олон улсын харилцаа холбоо төвөгтэй, тээвэр логистикийн саатлууд гарч, дэлхий нийтээр нийлүүлэлтийн сүлжээ доголдлоо. Үүнээс хамаарч гадаад худалдаа чөлөөтэй биш, орлогын эх үүсвэрүүд хомсдолтой байна.

-Төв банк мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-д өргөн барина. 2023 оны инфляцын төсөөллөө Төв банк нэмэгдүүлэх үү? Сүүлийн 2 жил 6 +/-2 гэдэг зорилтыг тавьсан. Ирэх оны инфляцын хүлээлтийг хэрхэн харж байна вэ?

Төв банк инфляцыг богино хугацаанд тэд болно гэдэггүй, харин дунд хугацаанд инфляцыг онилоод явж байна. Бидэн шиг жижиг, нээлттэй эдийн засагтай улс орны хувьд 6% голчтой зорилттой байгаа нь дэвшил юм. Ирэх оны инфляц гэхээс илүү 6%-д хүргэх зорилго хэзээ биелэгдэх боломжтой вэ гэдэг нь чухал. Мөнгөний бодлогын хүрээнд авч байгаа арга хэмжээ шууд үр дүнгээ үзүүлэхгүй, тодорхой хугацааны дараа үр нөлөөгөө үзүүлдэг. Монголынх дунд хугацаанд инфляцыг 6%-д хүргэнэ, үүнд зориулсан мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлнэ. Инфляцыг зорилтот түвшинд оруулах хүртэл мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй. Оны эхэнд Мөнгөний бодлогын хорооны хурлаар бид 2023 оны эхний хагас жилд инфляц 6%-д хүрнэ гэдэг тооцоололтой байсан. Харин  геополитикийн асуудлаас үүдэн олон улсад инфляц өндөр хэвээр байгаа нь дээрх хугацаанд инфляцыг 6 хувьд хүргэх боломж бага байна гэдгийг харуулж байна. 2024 он гэхэд 6%-д хүрнэ гэсэн төсөөлөл тооцоолол бий.

-Төв банкнаас системийн нөлөө бүхий банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Үр дүн нь хэрхэн гарсан бэ?

Банкны үндсэн үйл ажиллагаа бүтээгдэхүүн үйлчилгээ харилцах хадгаламж аваад тэрийгээ зээл болгож санхүүгийн зуучлагч хийдэг. Харилцагчийн итгээд хадгалуулж байгаа мөнгөн хөрөнгө хэр найдвартай хадгалагдаж байна вэ гэдэг нь активын чанарыг хэмжих гол хэмжүүр нь юм. 2017 онд Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт орж байхдаа активын чанарын үнэлгээ хийх аргачлалыг нэвтрүүлсэн. 2018 онд анх удаа Европын Төв банкны аргачлалын дагуу бүх банкыг хамруулсан активын чанарын үнэлгээг хийсэн. Тухайн үед банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага гарч байсан. Зарим банк энэ шаардлагын дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлж чадаагүй зарим банкны хувьд өнөөдрийг хүртэл тогтворжуулах төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Үнэхээр боломжгүй нэг банкыг татан буулгасан байгаа. 2018 оны Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд активын чанарын үнэлгээг тодорхой хугацааны давтамжтай хийж байхаар хуульчилж өгсөн. Үүний дагуу 2018 оноос хойш 2022 он гэхээр 4 жилийн дараа активын чанарын үнэлгээг хийгээд явж байна. Олон нийтэд хувьцаагаа арилжих гэж байгаа 5 том банкийг хамруулсан. 8 дугаар сарын эхээр үр дүн нь гарч эхэлсэн. Эхний ээлжинд IPO хийхээр зөвшөөрөл хүссэн 3 том банканд зөвшөөрөл өгчихсөн байгаа. Үлдсэн 2 банкны хувьд Монголбанканд IPO-той холбоотой материалаа хараахан ирүүлээгүй байна. Ирэх оны 6 дугаар сарын 30 хүртэл хуулийн хугацаатай гэдгээрээ бэлтгэл ажлаа хангаад Монголбанканд хүсэлтээ тавина. Тэрний дагуу зөвшөөрлийг өгөөд явна гэж харж байна. Голомт банк хамгийн эхэлж зөвшөөрлөө авсан. Дараа нь Хаан банк, Төрийн банк тус тус зөвшөөрлүүдээ авсан байна. Эдгээр гурван банкны хувьд активын чанарын үнэлгээний үр дүнгээр санхүүгийн тайланд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, Монголбанкны зохистой харьцаанд өөрчлөлт орохооргүй байсан учраас Монголбанкнаас ямар нэг өөрчлөлтгүй байна гэсэн баталгаажуулсан бичгийг СЗХ-нд хүргүүлсэн. Санхүүгийн салбар банкин дээрээ тогтдог. Банкны нийт хөрөнгийн хэмжээ санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувьтай байна. Хөрөнгийн бирж дээр бүгдээрээ зэрэг орох юм бол төвөгтэй учраас дэс дараатай явах нь хугацааны хувьд зүйтэй гэж үзэж байна.

Ярилцсанд баярлалаа!

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.