Инфляц

Бодлогын хүү

Валютын нөөцийг энгийнээр: Олон улсад ба Монголд

Эдийн засагч Б.ТҮМЭНЦЭНГЭЛ:

Валютын нөөц гэж юу вэ?

Дэлхийн ихэнх улс орон өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаж, дотоодын төлбөр тооцоондоо ашигладаг. Харин гадаад төлбөр тооцоонд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх валютыг хэрэглэж байна. Тухайлбал ам.доллар, евро, йен, фунт стерлинг зэрэг нөөцийн валют гэж нэрлэгддэг мөнгөн тэмдэгтүүд юм. Өнөөдөр улс орнуудын валютын нөөцийн 90% орчим нь энэ 4 валют эсвэл эдгээр валютаар илэрхийлэгдэх санхүүгийн хэрэгслээр бүрдэж байна. Түүнчлэн, харьцангуй бага жинтэй ч Швейцарын франк, Хятадын юань, Канадын доллар, Австралийн доллар мөн нөөцийн валютад тооцогддог.    

Даяарчлал өргөжиж, улс орнууд гадаад худалдаа болон санхүүгийн системээрээ нягт холбогдсон өнөө үед эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс валютын нөөц бүрдүүлэх нь чухал болжээ. Валютын нөөц бүрдүүлэхдээ үнэт металл (алт), зээлжих зэрэглэл өндөртэй үнэт цаас (ААА зэрэглэлтэй засгийн газрын үнэт цаас гм), зээлжих тусгай эрх (SDR) гм санхүүгийн хэрэгслүүд, эсвэл дээр дурдсан нөөцийн валютаар бүрдүүлэх нь түгээмэл юм. Улс орнууд дор хаяж 3 сарын импортын хэрэгцээгээ хангах эсвэл 1 жил дотор хүлээгдэж буй гадаад өр төлбөрөө хаах хэмжээний валютын нөөцтэй байх “алтан дүрэм” баримталдаг. Ингэснээр өрийн тогтвортой байдлыг хангах, зайлшгүй хэрэгцээт импортын бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо саатахгүй байх, санхүүгийн зах дээр ханшийн гэнэтийн огцом савлагаанаас сэргийлэх зэргээр эдийн засагт тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог. 

Эдийн засагт, санхүүгийн зах зээл дээр том, жижиг шок, чичиргээ доргио үргэлж тохиолдох бөгөөд эдийн засгийн эсвэл эдийн засгийн бус ямар ч шалтгаантай байж болно (жишээ нь хөрөнгийн гадагшлах урсгал, эсвэл цар тахал, дайн гм). Ялангуяа хүлээгдээгүй, гэнэтийн шокийн үед валютын нөөцийн хүрэлцээ хэт бага байснаас болж “хатуу газардсан” тохиолдол дэлхийн түүхэнд цөөнгүй. 1980-аад оны Латин Америкийн орнуудын өрийн хямрал, 1997 оны Азийн санхүүгийн хямрал, сүүлийн жишээ гэвэл 2022 оны Шри Ланкын жишээг нэрлэж болно. 

Иймд аливаа шок, савлагааг зөөлрүүлэх нэг арга хэрэгсэл болдог учраас улс орон бүр валютын нөөцөө зохистой түвшинд хадгалах зайлшгүй шаардлага бий. Түүнчлэн, нөөцийн валют нийлүүлдэггүй, хөгжиж буй орнуудын хувьд валютын нөөц үргэлж хязгаарлагдмал учраас уян хатан ханш давхар шок шингээгчийн үүргийг гүйцэтгэдэг. 

Ханшийг хатуу барьж, дан ганц валютын нөөцөөрөө шокын ард гарах гэж оролдоод алдсан тохиолдлууд ч цөөнгүй бий. Харин нөгөө талаас валютын нөөц бүрдүүлж эрсдэл багатай хөрөнгө оруулалтад байршуулах нь алдагдсан боломжийн өртгийг бий болгодог. Өөрөөр хэлбэл алт, рейтинг өндөртэй үнэт цаас эсвэл бэлэн валют зэрэг нь хэдийгээр найдвартай хөрөнгө оруулалтууд боловч өгөөж нь бага тул валютын нөөц ихсэх хэмжээгээр зардал нэмэгддэг гэсэн үг юм. 

Монгол Улсын гадаад валютын улсын нөөц (ГВУН)  

Валютын нөөцийн удирдлагыг төв банкнууд хариуцах нь олон улсад түгээмэл жишиг байна.  Монгол Улсад ч мөн адил валютын нөөцийг эзэмшиж, удирдах үйл ажиллагааг Төв банкны тухай хуулиар Монголбанк хариуцдаг. Валютын нөөцийн хэмжээ болон өөрчлөлт, ямар активт байршуулсан ерөнхий бүтэц, мөн дуудлага худалдаагаар дотоодын захад нийлүүлсэн хэмжээ зэрэг мэдээллийг mongolbank.mn вэбсайтаас үзэх боломжтой юм.

Валютын нөөцийн ерөнхий бүтэц

Гадаад валютын нөөц нэмэгдэх эсвэл буурах нь манай эдийн засаг руу орж гарч буй валютын урсгалаас шууд хамаардаг. Тухайлбал, 2021 оны статистикаар Монгол Улс нийт $13.5 тэрбумын валютын орох урсгалтай байсан бол үүнээс давсан ($13.9 тэрбум) хэмжээний гадагшлах урсгалтай байжээ. Улмаар гадаад валютын улсын нөөц 2020 оны эцсийн $4.5 тэрбумаас 2021 оны эцэст $4.4 тэрбум руу буурсан байдаг. Өсөж байсан тохиолдлыг авч үзвэл, 2017 оноос ихэвчлэн орох урсгал нь давамгайлж байсан тул валютын нөөц нэмэгдсээр 2021 оны 4-р сард түүхэн дээд хэмжээ $4.9 тэрбумд хүрч байжээ.

Валютын урсгал

2022 оны хувьд импорт 40% өсөлттэй яваа нь валютын нөөцөд дарамт болж буй. Түүнчлэн, хэдийгээр экспортын түүхий эдийн үнэ олон улсын зах зээл дээр харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа ч Монгол Улсын валютын гол орлого болох нүүрсний экспортын биет хэмжээ ердийн үеэс (жилд 36 сая тонн) эрс бага, улмаар оны эхний саруудад валютын орох урсгалыг хязгаарлаад байв. Үүний зэрэгцээ 2022 онд Ковид 19-ийн нөхцөл байдал зөөлөрч олон улсын нислэгүүд нэмэгдсэнээр гадагш чиглэх аялагчдын тоо эрс нэмэгдсэн, Оюутолгойн хөрөнгө оруулалтаас өөр гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын томоохон урсгал үгүй байгаа зэрэг нь сорилт болж байна. Валютын нөөцийн хүрэлцээт түвшнийг авч үзвэл ГВУН 9-р сарын эцсийн байдлаар $2,794.6 сая байсан нь 3.5 сарын валютын төлбөртэй барааны импортын хэрэгцээг хангах түвшин юм. 

Хэрэв валютын гол орох урсгалууд болох экспортын орлого сайн, гадаадын шууд хөрөнгө оруулалт их, олон улсын санхүүгийн захаас шинээр татсан эх үүсвэр (зээл, бонд) их, эсвэл Монголыг зорьж ирэх жуулчдын тоо олон байх тусам нөөц нэмэгдэхэд эерэг нөлөөтэй байх болно. Харин импортын хэрэглээ эсвэл үнэ нэмэгдэх, гадаад зээл  бонд төлөгдөх, монгол иргэд гадагшаа сурах, эмчлүүлэх эсвэл аялах зэргээр валют гадагшлах тоолонд валютын нөөц буурна. Жишээ нь ердийн үед монголчууд жилдээ $500-600 сая ам.долларыг суудлын автомашинд, $1-1.2 тэрбумыг шатахуунд, $1 тэрбум орчмыг аяллын зорилгоор зарцуулдаг байна. Иймд валютын нөөц нь манай улсын эдийн засгийн ерөнхий том бүтэц, төрөөс хөрөнгө оруулалтыг татах бодлого, компаниудын олон улсын зах дээр өрсөлдөх чадвар (валют олох чадвар), иргэдийн амьдралын/хэрэглээний хэв маяг зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай үзүүлэлт болох нь харагдана. 

Нэмэлт мэдээлэл: Төлбөрийн тэнцэл ба валютын нөөц

Валютын нөөцийг тодорхойлдог валютын орох гарах урсгалын статистикийг Монголбанк нэгтгэж, төлбөрийн тэнцлийн статистик болгон зарладаг. Төлбөрийн тэнцлийн ерөнхий бүтцийг авч үзвэл дараах томоохон урсгалуудаас бүрддэг: 

Урсгал данс: 

  • Гадаад худалдаа: экспорт, импорт

  • Үйлчилгээний данс: Тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, мэргэжлийн үйлчилгээ гм

  • Орлогын данс: ажилчдын цалин, ногдол ашиг, хүүгийн орлого зарлага гм

Хөрөнгө, санхүүгийн данс:

  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)

  • Багцын хөрөнгө оруулалт (бонд)

  • Зээл гм

Эдгээрээс гадаад худалдаа буюу барааны экспорт, импортын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсвэл олон нийтийн цахим сүлжээнд яригдах нь түгээмэл байдаг (гадаад худалдааны тэнцэл ашигтай байтал яагаад валютын нөөц өсөхгүй байна, ханш сулрав гм) Гадаад худалдаа нь Монгол Улс руу орж гарч буй валютын нийт урсгалын зөвхөн нэг хэсгийг харуулах үзүүлэлт байдаг. Харин нийт урсгалыг харуулах төлбөрийн тэнцлийн хөл дүн ашигтай эсвэл алдагдалтай байхаас хамаараад ГВУН өсөх эсвэл буурах нь тодорхойлогддог байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.