-Манай иргэд ингэж бага мөнгөөр нэвтэрч байгаагийнхаа шанд нь хогоо хаяхгүй байх ёстой-
Иргэд тусгай хамгаалалттай газар нутагт аялахдаа мөнгө төлдөг. Тухайлбал, Байгаль орчны сайдын 2001 оны 117 дугаар тушаалаар баталсан уг журмын дагуу дотоодын иргэн нэг удаа нэвтрэхдээ 300, гадаадын иргэн нэг удаа нэвтрэхдээ 3000 төгрөг тушаан аялдаг аж.
Харин өнөөдрийг хүртэл буюу 21 жилийн турш нэвтрэх цэгийн дээрх хураамжийн үнийг шинэчлээгүй байна. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзоригтой ярилцлаа.
-Тусгай хамгаалалттай газарт нутагт нэвтрэхэд авч байгаа нэвтрэх цэгийн хураамжийг одоо болтол нэмж шинэчлээгүй байна. Бусад байгууллага байнга шинэчлээд явдаг. Одоо болтол яагаад шинэчлээгүй юм бэ?
-Цаг үеийн нөхцөл байдал байна.
-Ковидоос өмнө нэмж болох байсан?
-Мөнгөний ханшаас шалтгаалаад нэмнэ гэвэл асуудал биш. Иргэдээ бодсон асуудал яваад байна. Манай иргэд ингэж бага мөнгөөр нэвтэрч байгаагийнхаа шанд нь хогоо хаяхгүй байх ёстой. Монгол хүн гадаадад аялаад тусгай хамгаалалттай газар руу нь нэвтрэхдээ доод тал нь 20, 30, 40 доллар төлдөг. Төлбөрөө төлөхдөө юм хэлдэггүй, баяртайгаар төлдөг, соёлтой ч аялдаг. Гэтэл монголчууд бид дархан цаазат ууландаа 300 төг буюу аравхан центээр орж байна. Ингэснийхээ төлөө байгалиа хамгаалаад өгчихгүй байгаа юм.
-Зарим иргэн хураамжаа төлөхгүй байх сонирхолтой байх нь бий. Бид нараас хураамж авсан хэрнээ энэ мөнгөөр юм хийдэггүй гэж гомдоллодог.
-Дэлхий нийтэд дархан цаазтай газар нэвтрэхэд хураамж төлдөг жишиг байна. Манай тусгай хамгаалалттай газрын хуулинд заасан заалт уг жишгийг барьж хийсэн. 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл мөрдөж байна. 30,000 төгрөгийн хураамж авдаг болгочихвол сонин. Нэг мөсөн нэг доллар болгочихвол хямд юм.
-Хэрэв үнэтэй хураамж авдаг болговол манай иргэд бөөн асуудал болгох байх даа?
-Бөөн юм болно. Тэгэхээр хүний ухамсар дээшлэх хэрэгтэй байна. Мөнгө төлөх ухамсраасаа илүү байгалиа хамгаалах ухамсар нь дээшлэх хэрэгтэй. Хог хаяхгүй яваад сурчих хэрэгтэй.
-Манай зугаалж алхаж байгаа иргэд хэр хог хаяж байна вэ?
-Маш их.
-Хэвээрээ гэж үү. Олон жил алхсан хүмүүс их соёлтой болчихсон гэж бодож байна?
-Олон алхдаг, өдөр тутам алхдаг хүмүүс соёлтой. Зарим залуус нийлж дарвиад зугаалан идэж уухаараа хогоо аваад буудаггүй, тэвчээргүй, тэндээ орхичихоод байна. Хилийн зааг дээр буюу аялагчдын зогсоолын дэргэд хогийн сав байршуулж өгсөнөөр хогоо ойд үлдээх нь багасаад доошоо буулгаж ирж байна. Гэхдээ ялгаж мэдэхгүй, ангилах хүсэлгүй, бөөнд нь шидээд хаячихдаг. Өөрсдөө хогийн цэг рүү очихдоо ам хамраа тагладаг, өөрсдийнхөө хогонд шүү дээ. Ямар ч хүн хог хаядаггүй бол дархан цаазат газартаа хогийн сав байршуулах шаардлага байхгүй.
-Ямар цэгүүд дээр хураамж авч байгаа билээ. Би Богд уул руу нэлээд дээр үед алхаж байх үедээ хураамж өгч байснаа санахгүй юм?
-Энэ шалтгаантай. Ковид гарсан. Түүнээс өмнө нэг хүн аялаж яваад гэмтэж бэртсэн юм. Өөрөө явж байгаад өөрөө бэртсэн. Тэгээд сенсаци болгосон. Тэр үед тухайн үеийн сайд нь хураамж авахаа боль гээд болиулчихсан юм.
-Тусгай хамгаалалттай газарт нутагт нэвтрэхэд авдаг одоо ярьж байгаа энэ хураамжийг уу. Одоо авахгүй байгаа юм уу?
-2020 оноос бид нар сэргээн авч эхэлсэн.
-Тэр үеийн сайд нь ч дүүрч, хэдэн онд тэгж авахаа больсон юм бэ?
-Хэдэн жилийн өмнөх асуудал. 2010 оноос хойш л доо. Ингэж давалгаалж болохгүй. Тэр хүн хөлөө хугалж гэмтээсэн нь 300 төгрөг авснаас шалтгаалсан байж болохгүй.
-Олон жил хураамж авахгүй болохоор яах болж байна вэ?
-Хураамж аваагүй тэр үе чинь зөвхөн Зайсанд л хураамж агүй. Бусад аманд авч байсан. Нэг хүн бэртэж гэмтсэнээс шалтгаалаад Зайсанд хураамж аваагүй.
-Гурван нэвтрэх цэгээ ярья.
-Сайдын тушаалаар батлагдсан аяллын маршрутын зам дээр уг хураамжийг авч байгаа. Гурван нэвтрэх цэг байна. Төрхурахын ам, Манзшурын ам болон Зайсан. Манайд өгдөг төсвөөс мөнгө суутгаад 623 сая төгрөг бид нарт үлддэг.
-Юун 623 сая төгрөг болоод явчихав?
-Манайх чинь төсөвт байгууллага. Ажилтнуудынхаа цалинг тавь, байгаль хамгаалах зардал хий гээд зарцуулах мөнгө өгдөг. Энэ мөнгөнөөс нэвтрэх цэгийн хураамжаасаа 20 сая төгрөгөө нөхөж олоорой гээд 20 сая төгрөгийг нь өгөлгүйгээр татаад авчихдаг. Тэгэхээр төсвөөс маань 20 сая төгрөг дутчихаж байгаа юм. Бид нар үүнийг бүрдүүлэх гэж байдгаараа чармайна биз дээ. Чармайх гэсэн чинь хоёр жил дараалаад ковид гараад 13.5 сая төгрөгийг л цуглуулсан. 20 сая төгрөг гүйцээгүй, 6.5 сая төгрөг дутсан. 2020 онд бүүр мөнгө олоогүй. Мөнгөө бид нар төлж чадаагүй. Улс манайхаас хурааж авсан мөнгөө бид нарт өгөхгүйгээр тэндээ суутгаад үлдээсэн. Манай байгууллага түймэр гарсан үед зардлаа дийлэхгүй байна, ургамал байгалиа хамгаалж чадахгүй байна, усны эхийг хамгаалж чадахгүй байна,нохой устгаж чадахгүй байна, уулаа тойрох бензингүй байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар нэвтрэх хураамжийн орлого
Он |
Гадаад/дотоод |
Аялагчдын тоо |
Мөнгөн дүн |
2019 |
Гадаад |
1773 |
13.5 сая |
Дотоод |
27270 |
||
2020 |
Гадаад |
151 |
5.7 сая |
Дотоод |
17490 |
||
2021 |
Гадаад |
50 |
10.8 сая |
Дотоод |
35515 |
-Тэгээд яаж болж байгаа юм бэ?
-Бид нарыг 20 сая төгрөгөө олоод, 20 сая төгрөгөөс давсан мөнгөөрөө байгалиа хамгаал гээд байгаа юм. Давж байна уу, энэ. Давахгүй байна шүү дээ, ингэж суутгадгийг нь болъё оо. Энэ 300 төгрөгийн хураамжийг улсын төсөвт өгдөг. Энэ хураамжийн 300 төгрөг, өөрсдийнхөө 20 сая төгрөгийг өөрсдөө авмаар байна. Энэ 20 сая, энэ 300 төгрөгөөрөө та нар хогоо цэвэрлээрэй, замаа янзлаарай, аялагчдыг ая тухтай байлгаарай гээд хэлээд өгчихдөг бол өнөөгийн шаардлагад нийцэж байгаа зүйл юм.
- Жорлонгийн асуудал аялаж яваа хүмүүст чухал асуудал шүү?
-Зайсанд хоёр ширхэг жорлон тавьсан байгаа. Энэ хоёр жорлон дүүрч байна.
-Ямар жорлон бэ, био жорлон уу?
-Тийм, био жорлон. Ийм био жорлонгийн бохир хөрсөндөө шингэдэггүй, соруулаад авчихдаг давуу талтай. Нэгийг нь соруулахад 180 мянган төгрөг байсан бол одоо 200 мянган төгрөг давсан байна, мөнгөний ханш унан юмны үнэ өссөнөөс. Жорлон байгуулахгүй байж болохгүй, байгуулахгүй бол иргэд уурлана, ойгоороо дүүрэн бааж, шээнэ. Жорлонг соруулах нь манай үүрэг, гэвч бид чаддаггүй. Хаанаас мөнгө гаргах уу? Бид 20 сая төгрөгөөсөө давсан мөнгөнөөс хийх ёстой шүү дээ. 20 сая төгрөг давахгүй юм чинь хаанаас хийх вэ. Арай л ажилтнуудынхаа цалинг буцаан авч баасаа соруулчихгүй л байна.
-Жорлонгоо дүүрсэн чигээр нь байлгаад байх юм уу?
-Байгаль, ургамал хамгаалах зардлаасаа энэ ажлыг хийж байна.
-Цаашдаа яах вэ. Сайдад хэлэв үү?
-Сангийн яамтай холбоотой асуудал. Сангийн яам 20 саяыг суутгачихаад байгаа шүү дээ. Манай сайдад суутгахгүй байх мэдэл байхгүй, Төсвийн нэгдсэн хуулиар. Мөнгөнөөс маань яагаад байгууллагад нь үлдээж болдоггүй юм бэ?
-Дандаа болж бүтэхгүй юм ярьчихлаа. Болж бүтсэн юм яръя. Бидний тав тухтай аялах орчныг бүрдүүлэхэд хийсэн ажил байна уу?
-Иргэдийн тав тухтай аялах орчныг бүрдүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн дэс дараатай, үе шаттайгаар нийслэл болон яамны хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийлээ.
Цэцээгүн-Төрхурах, Цэцээгүн-Манзушир чиглэлд нийслэлийн хөрөнгө оруулалтаар маршрутын тэмдэг тэмдэглэгээний тохижилтын ажил хийсэн.
2017 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 264 машины зогсоол, Зайсан-Дугуйцагаан чиглэлд автомашины зогсоол шийдвэрлэсэн.
2020 онд БОАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар кофе шоп, ариун цэврийн байгууламж, камер, эко жорлон, ангилдаг хогийн сав, самбар, нэвтрэх постны байр зэргийг байрлуулсан байна.
Нийт сэтгэгдэл (0)