УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бол хуулийн төслийг Байнгын хороонд буцаана” гэж заасны дагуу төслийг анхны хэлэлцүүлэгт буцаах горимын санал гаргав. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ хүрээнд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан ажиллаж байна. Төслийн талаар зарчмын зөрүүтэй найм, найруулгын дөрвөн санал бэлтгэж, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан ч үүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн” гэдгийг тодотгож байлаа.
Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.7 хувь нь дэмжив.
Хуралдааны төгсгөлд “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Энэ талаарх УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцууллаа.
Тэрбээр Монгол УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшингээс Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ Байнгын хороонд ирүүлсэн тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.5 дахь хэсэгт заасны дагуу “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувь нь дэмжлээ.
Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан өндөрлөв
Нийт сэтгэгдэл (0)