Инфляц

Бодлогын хүү

Лос-Анжелес хотын түгжрэлийг бууруулж буй туршлагыг АНУ-д ажилладаг монгол мэргэжилтэн танилцууллаа

Өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александрыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр тэд түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын хийж, хэрэгжүүлж буй ажлын талаарх судалгаатай танилцав.

Лос-Анжелес нь 3.8 сая хүн амтай бөгөөд тус хотод тулгамдаж буй асуудлуудын нэг нь түгжрэл. Судалгаагаар тус хотын түгжрэлийн гол шалтгаан нь хот төлөвлөлтөөс гадна хүмүүс гэрээсээ гарахдаа зөвхөн машинаар явах сонголт хийж буйтай холбоотой гэж гарчээ. Тодруулбал, хүн амын 74.1 хувь нь ажилдаа явахдаа хувийн машинаар ганцаараа зорчиж, 12.6 хувь нь дундын машинаар явж, 4.9 хувь нь нийтийн тээврийг сонгож, харин 4.2 хувь нь гэрээсээ ажилладаг байна. Иймд Лос-Анжелес хот зөвхөн зам тээвэр, автомашинд зориулсан арга хэмжээ хэрэгжүүлэх бус, өөр олон төрлийн арга хэмжээг 1920-иод оноос хойш хэрэгжүүлж байгаа гэв.

Харин Улаанбаатар хотын хувьд 1.6 сая хүн амтай, өдөрт дунджаар 440-460 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, давхардсан тоогоор өдөрт автомашины 2.9 сая орчим зорчилт бүртгэгдэж байна. Иргэдийн автомашинаар зорчиж буйн үндсэн шалтгаануудад ажилдаа явах, гэртээ харихаас гадна сургууль, цэцэрлэг рүү чиглэсэн хөдөлгөөн, худалдаа, үйлчилгээний төв орох, төрийн үйлчилгээ авах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг зорих зэрэг багтдаг аж.

Тиймээс уулзалт хийж буй талууд түгжрэл нь маш олон хүчин зүйлээс бүрдсэн цогц асуудал гэдгийг тодотгож, иргэд машинаар явах сонголт хийж буйн шалтгаан, машинаар явах эрэлт, хэрэгцээг судлан, түүнд чиглэсэн ажил хийж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.