Монголбанкны Төлбөр, тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа.
Төлбөрийн системийн хувьд Монгол Улс дэлхийн хөгжингүй орны түвшинд очсон гэж бидний зүгээс үзэж байгаа. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд Монголбанк дээр Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр төлбөрийн системийн шинэчлэл төслийг амжилттай хэрэгжүүлж, өнгөрсөн оны сүүлээр дууссан. Уг төслийн хүрээнд төлбөрийн системийн хууль эрх зүйн орчин болон дэд бүтэц талын асуудлыг цогцоор нь шийдсэн. Нийт 10-аад системийг нутагшуулснаас үндсэн өдөр тутмын хэрэглээнд 3-4 систем байна. Олон улсын стандарт, мессежний бүтцийн хувьд ч тэр, стандартын хувьд ч тэр ISO 222 төвшнөө хангасан олон улсын стандартаа хангасан ийм төвшний системүүдийг бий болгосон байна. Хууль эрх зүйн хувьд 2018 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулсан. Энэхүү хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор өмнө нь дан ганц банкнууд оролцдог байсан төлбөрийн системд аж ахуйн нэгжүүд болон банк бус санхүүгийн байгууллагууд, финтек компаниуд, старт-апууд оролцох боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас нийт 12 арилжааны банкнаас гадна 13-14 аж ахуйн нэгж, финтек компаниуд зөвшөөрлийг олгоод байна. Монгол Улсын төлбөрийн систем дан ганц банкаар хязгаарлагдахгүй, бусад байгууллагууд оролцдог болсноороо хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд төлбөр тооцоогоо ямар ч байршил, нөхцөлд хийх боломжийг хангаж өгч байгаагаар онцлогтой байгаа юм.
Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд системүүдийг шинэчилснээр мэдээж гүйлгээний тоо, төрөл нэмэгдсэн байгаа. Жишээ нь 2021, 2022 оныг харьцуулан авч үзвэл мобайлаар буюу гар утсаар хийж байгаа төлбөр тооцоо дүн болон тооны хувьд 70 хувиар өссөн. Картын гүйлгээний хувьд мөн хугацаанд 30-50 хувиар өссөн. Түүнчлэн гүйлгээний төрлүүд нэмэгдсэнээр иргэд болон аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоогоо амар, хялбараар гүйцэтгэх бололцоог бий болгож байна. Дан ганц төв банк гэхээс илүүтэйгээр банкнууд болон бусад байгууллагууд энэхүү төлбөрийн системийг илүү хялбар, шуурхай, найдвартай явуулах гол түлхүүр болж байгаа юм. Монгол Улсын нийт төлбөр, тооцооны 98.4 хувь нь цахимаар буюу гар утсаар болон картаар хийгдэж байна. Үлдсэн багахан хувь нь бэлэн мөнгөөр, эсвэл банканд очин теллерээр хийгдэж байгаа.
₮ картын хувьд анх 2012 онд Монголбанк танилцуулж банкнуудаар дамжуулж иргэдэд хүрч эхэлсэн. Тухайн үед технологийн хувьд зөвхөн соронзон туузтай карт байсан бол сүүлийн 2 жилийн хугацаанд ₮ картыг шинэчилж, чиптэй, мөн NFC буюу зайнаас төлбөр хийх боломжийг бүрдүүлсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүд харилцдаг банкаараа дамжуулан энэхүү картыг авч, ашиглаж байгаа. Мэдээж чиптэй болсноороо давуу талуудтай. Тухайлбал, юун түрүүнд мэдээллийн аюулгүй байдал, картын луйвар гэх мэт үйл ажиллагаануудыг бүрэн зогсоох боломжийг бүрдүүлсэн. Мөн картын мэдээллээ гар утас руугаа шилжүүлээд, гар утсаар төлбөр тооцоо хийх боломжтой болсон. Энэ хүрээнд бид энэ оны 2 дугаар улирал гэхэд TSP буюу Token Service Provider шинэ системийг танилцуулна. Энэхүү систем ашиглалтад орсноор иргэд картаа заавал биедээ авч явахгүйгээр, картаа гар утсандаа оруулаад гар утсаараа төлбөр тооцоо хийх боломжийг Монгол Улсад бий болгоно. Та бүхний сайн мэдэж байгаачлан Google pay, Samsung pay, Apple pay гэх зэрэг гадаад орнуудад ашиглагддаг, яг энэ төлбөр тооцоо, технологи, дэд бүтцийг бий болгож байна гэсэн үг. Үүнээс гадна ₮ карт зөвхөн Монголдоо уншигдахаа больж, гаднын орнуудад ялангуяа монголчуудын их зорчдог БНСУ-д уншигдах боломжийг өнгөрсөн оны сүүлээр бий болгосон. Энэ оны эхээр Солонгосын BC карттай гэрээ байгуулсан байгаа. Ингэснээр Монголын ₮ карт Солонгос улсад, Солонгосын BC карт Монгол Улсад харилцан унших ийм боломжийг бий болгосон. Иргэд гадаад улсад зорчихдоо заавал гаднын сүлжээг ашиглахгүйгээр дотоодын брэнд картаар гүйлгээ, төлбөр тооцоо хийх нь эдийн засгийн хувьд, зардал, цаг хугацаа хэмнэхээс эхлээд олон давуу талыг бий болгоно. Цаашид дан ганц БНСУ гэлтгүй, Зүүн Өмнөд Ази, Дундад Ази рүү гарах боломж, бололцоог бид бүхэн эрэлхийлж байгаа. Тухайлбал, энэ ондоо багтаж Казахстан, Киргиз улс руу гарах боломжийг судалж байна. Монгол Улсын иргэд очиход хамгийн боломжийн визний нөхцөлтэй улс орнуудад ₮ картынхаа хэрэглээг нэмэгдүүлэх боломж, бололцоо бий. Монголбанкны зүгээс энэ боломжийг нээхэд бодлогоор анхаарч ажиллаж байна.
Хоёр шатлалт банкны систем бий болоод 30 жил, төв банк гэж айл бий болоод 99 жил, ирэх жил 100 дахь жилийн ой тохионо. Төлбөрийн систем өмнө нь иргэдэд төдийлөн мэдрэгддэггүй байсан зүйл. Харин өнөөдөр буюу XXI зуунд иргэд заавал банканд очихгүйгээр гар утас, технологи ашиглаж, төлбөр тооцоогоо хийх бүрэн боломжтой болсон байна. Төв банкнууд технологийн энэхүү үсрэнгүй хөгжилтэй зэрэгцэж алхахын тулд дор бүрнээ маш их анхаарч техник технологийн хувьд ч тэр, хууль эрх зүйн хувьд ч тэр илүү нээлттэй болгох тал дээр ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд 20-30 жилийн өмнө төлбөр тооцоо ямар байсан бэ гэвэл мэдээж төлбөр тооцоо гэдэг зүйл байсан. Гэхдээ хийх аргачлал нь арай өөр, биеэрээ ирж цаас суурьтай, цаасаар баримтаа бүрдүүлж төлбөр тооцоо хийдэг байсан. Харин өнөөдөр технологийн энэ эрин үед илүү дижитал болж, гар утсаараа дамжуулан, хоногийн 24 цагт, дэлхийн хаанаас ч төлбөр тооцоогоо түргэн шуурхай хийх боломжтой болсноороо онцлог, дэвшилттэй болжээ. Цаашид төлбөр тооцооны дижитал шийдэл цаашид ч өргөжин тэлэх байх. Бидний хувьд энэ бүхэнд бэлтгэлтэй байж, дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг тухай бүр шинэчилж, өөрчилж байх шаардлагатай болов уу. Нөгөө талаас төлбөрийн системд оролцогсод тус бүрдээ хөрөнгө оруулах шаардлагагүй зүйлүүдэд төв банкны зүгээс нэгдсэн байдлаар шийдэх, төлбөрийн системийн бүхий л оролцогч нарт нээлттэй үндсэн дэд бүтцүүдийг бий болгох нь чухал. Энэ чиглэлд Төв банк илүү анхаарч, төвлөрч ажиллах чиглэлтэй байна. Цаашид ямар болох бэ гэхээр ирээдүйн чиг, хандлагыг харах ёстой. Мэдээж төлбөр тооцоогүйгээр энэ амьдрал явахгүй учраас амьдралын нэг хэсэг болсон төлбөр, тооцоог хэрхэн хөгжүүлэх, иргэддээ ямархуу байдлаар хүргэх вэ гэдэг нь бидний цаашдын ажил байна.
Ярилцсанд баярлалаа.
Нийт сэтгэгдэл (0)