УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ болон Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны төлөөлөгчид Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг дэх шинэ үйлдвэрийн явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.
Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг нь сайжруулах хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болон Европын холбооны буцалтгүй тусламжаар Морингийн даваанд хог хаягдлын ландфиллын байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж байгаа бөгөөд 2024 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үйлдвэр эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдэж буй.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотоос жилд 1.4 орчим сая тонн хог хаягдал гардаг. Үүний 20-30 хувь нь барилгын хог байна. Ландфиллын байгууламж ашиглалтад орсноор байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 5.5-8.5 сая тонн хог хаягдал хүлээн авах хүчин чадалтай болох бөгөөд хүлээн авсан хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах боломж бүрдэнэ. Түүнээс гадна жилд 175 мянган тонн барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой болж буй. Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй төсөл. Мөн бусад хог хаягдлыг ангилж хүлээн аван, шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт байгуулахаар ажиллаж байна” хэмээлээ.
Тэрчлэн ландфиллын байгууламж болон хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглах машин техникийг шинэчлэх ажлын хүрээнд нийт 29 нэр төрлийн машин техник, сэлбэг хэрэгслийг нийлүүлээд байгааг тэрбээр онцолсон юм.
Тус үйлдвэр нь хогийн цэгийн тоог багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, ус, эрчим хүчийг хэмнэх, тогтвортой ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийт сэтгэгдэл (0)