Дарангуйлагч л төрүүлдэг тэр савнаас эрх чөлөөг эрхэмлэгч төрөхгүй юм байна гэдгийг бүх монголчууд хангалттай харсан. Одоо хөгшин, залуу аль ч дарангуйлагчийнх нь удахгүй бидэнд тавих саналаас Ардчилсан нам эрс татгалзах ёстой. Ардчилалдаа итгэдэг, эрх чөлөөгөө эрхэмлэгч, эх оронч хүн бүхэн Ардчилсан намын шийдвэр гаргах байгууллагаас үүнийг нэхэх хэрэгтэй. Шаардах хэрэгтэй. Бид тэдэнтэй эвсэж үзсэн. Хамтарч ч үзсэн. Улс төрөө зогсооё, улсаа бодъё, ажил хийе гээд үнэн сэтгэлээсээ зүтгэж үзсэн. Итгэж үзсэн. Харамсалтай нь хамаг ажлаа хийлгэж аваад хөөсөн. Бид хамтарсан Засгийн газарт уригдаж ороод урагдаад гарсан. Бидний нөхөд Улсынхаа Ерөнхий сайдад зарчмын шүүмж хэлсний төлөө тэдний нам урилгаа урж хаясан. Итгэл эвдсэн. Одоо хамтарсан Засгийн гол ажлуудыг нугалсан манайхныг нэг танхимд сууж байсан сайд нар нь хүртэл гэмт хэрэгт буруутган чичилж байна. Ардчилсан нам дахиж тэдний хулгайгаа нуух халхавч, буруугаа далдлах нуувч, дарангуйлагч төрхөө нуух баг нь болж чимээгүй суухгүй. /2025.09.14/
Нийт сэтгэгдэл (0)