Инфляц

Бодлогын хүү

Эмийн чанар, аюулгүй байдал авлигаас үүдэн алсарч байна

 

Монголд орж ирж буй эм чанартай юу, үгүй юү гэдэг эргэлзээ олон хүний дунд бий. Иргэд ч олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж, Монголд худалдаж буй эм чанаргүй байна хэмээх болсон. Тухайлбал, иргэн С.Батзаяа фэйсбүүк хуудсандаа “Нурофен” гэх эмийг зургийн хамтаар “Манайд орж ирдэг эмийн чанар хэр юм бэ. Яг адилхан үйлчилгээтэй хоёр эм. Нэгийг нь Монголоос 17 000, нөгөөг нь Германаас 18 евро буюу 75 000 төгрөгөөр авсан. Эндээс авсан эмийг таван мл-ээр хүүхдэд өгөөд хоёр цаг орчмын дараа халуун бууруулж байсан. Дахиад хоёр цаг болоод халуурах жишээтэй. Өндөр халуурсан хүүхдийг зүгээр л амьдаар нь тамлаж байгаа юм. Хоёр дахь эмийг 2.5 мл-ээр өгөөд 10 минут хүрэхгүй хугацааны дараа халуун нь бууж, 8-9 цаг халуурсангүй. Манай эдийн засаг, цалингийн дунджид тааруулж эм импортлогч компаниуд орц, найрлагыг нь хасуулж, тануулаад бага доозтой чанаргүй эм оруулж ирдэг байж болох уу. Өвчнийг илаарьшуулах, намдаах зорилгоор хүн мөнгөөрөө эм худалдаж авч хэрэглэдэг. Гэтэл чанар муутай шохой хэрэглээд өвчнөө анагаах бус, биеэ улам хордуулаад байдаг юм биш үү. Эмийн чанарт анхаарахгүйгээр өвчлөл буурахгүй” хэмээн бичсэн байв.

Үндэсний аюулгүй байдлын нэгэн хэсэг болсон, тэр дундаа хоол шигээ хэрэглэдэг эмийн аюулгүй байдал алдагдсан нь үнэн. Үүнийг хянаж байх ёстой Эрүүл мэндийн яам, түүний харьяанд байгуулагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ынхан ажлаа хийж чаддаггүйгээс Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй аж төрөх эрх зөрчигдсөөр байгаа гэхэд хилсдүүлсэн болохгүй.

Өмнө нь ЭМЯ-нд наймхан хүн хийж болоод байсан ажлыг ЭЭХХЗГ гэх 80 гаруй хүнтэй агентлаг байгуулан ажиллуулсан ч үр дүнд хүргээгүй. Сахил хүртээд шал дордов гэгчээр энэ агентлагт эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийнхэн өөрсдийнхөө гар, хөл болсон хүмүүсийг шургуулж, хөндлөнгийн шинжээч нэртэй нь ч тэдэнтэй холбоотой ажилладаг нь нууц биш. Тэд ашиг сонирхлын зөрчилтэй аж ахуйн нэгжийнхээ эздээс мөнгө аваад, чанартай, чанаргүй нь ялгаагүй бүгдийг нь эмийн бүртгэлд бүртгүүлэх ажил хийж байж ч болох. Түүгээр ч зогсохгүй нэг лабораторид шинжлүүлээд тэнцээгүй эмийг нөгөөд нь аваачиж тэнцсэн дүгнэлт бичүүлдэг тохиолдол ч байгаа. Энэ мэтээс улбаалаад чанаргүй эмийг монголчуудад “турших” болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. 

ХӨЛДСӨН Д АМИНДЭМИЙГ ГЭСГЭЭГЭЭД ЗАРСАН УУ, УСТГАСАН УУ

“АНУ-аас оруулж ирсэн гэх шингэн Д витамин хүүдээ өгөөд байсан юм. Гэтэл Д витамины дутагдалд оруулаад ёстой баллахаа шахсан. Тэгээд Германаас таблет Д витамин захиж авчруулж байж нэг хэвийн болгосон” хэмээн нэгэн иргэн фэйсбүүкт бичсэн байв. Тэгвэл шингэн Д аминдэмийг тээвэрлэх явцдаа хөлдөөн Монголд оруулж ирснийг гаалийнхан саатуулсан тохиолдол бий.

Тодруулбал, ноолуурын үйлдвэрлэл, төлбөр, эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кашмия” гэх компанийнхан энэ оны эхээр хилээр оруулж ирсэн, аманд цацаж хэрэглэх зориулалттай Д аминдэмийг шинжлүүлэхээр Эм шинжлэх лабораторид гаалийн улсын байцаагч хүргүүлжээ.

Учир нь тухайн бүтээгдэхүүн нь хөлдсөн байсан аж. Мэдээж хөлдсөн эм, бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн чанараа алдсан байх эрсдэлтэй. Тиймдээ ч Эм шинжлэх лабораторийнхон эрүүл мэндэд тэнцэхгүй хэмээн дүгнэсэн.

Харин шинжээчийн дүгнэлттэй “Кашмия” ХХК-ийнхан санал нийлэхгүй буйгаа илэрхийлж, холбогдох байгууллагад “Д аминдэм нь хөлдсөн, халсан байсан ч хор нөлөөгүй, харин хадгалалтын хугацаанд нөлөөлж болзошгүй талаар илгээгч улсаас мэдэгдсэн. Оруулж ирсэн бүтээгдэхүүнүүдээсээ дээж авч хөлдөөж, гэсгээж үзэхэд амт, үнэрт нь өөрчлөлт ороогүй” гэсэн утгатай бичиг гаалийн байцаагч, шинжилгээний байгууллагад хүргүүлсэн гэнэ.

Үүнээс хойш тухайн хөлдсөн Д аминдэмийг гэсгээж худалдсан уу, эсвэл гаалийн байцаагчдын хяналт дор устгасан уу гэдэг нь тодорхойгүй өнгөрсөн юм. Гаалийн байгууллагынхны мэдээлснээр устгахаар болсон хэмээсэн ч үр дүнг нь хэн ч мэдэхгүй өдий хүрэв.

“ТҮВШИН-ЭНЭРЭЛ”-ИЙН БОДИТ ЖИШЭЭ БУЮУ ЭМИЙН СОНСГОЛ НЭРТЭЙ ҮР ДҮНГҮЙ ШОУ

Дэлхий даяар “Ковид-19” цар тахал дэгдсэн 2019-2020 оны үед “Түвшин-Энэрэл” гэх компанийн оруулж ирсэн “Пантоген” дуслын шингэн бас хөлдсөн байсан юм. Тухайн шингэнийг авч хэрэглэсэн зарим иргэн реакц үзүүлсэн талаараа ч бидэнд мэдээлж байв. Гэтэл тухайн хөлдүү дуслын шингэнийг импортолсон “Түвшин-Энэрэл”-ийнхэнд ч, түүнийг нь “Эрүүл мэндийн хэрэглээнд тэнцэнэ” гэсэн дүгнэлт гаргасан ЭЭХХЗГ-ын чанарын хяналтын байцаагчид ч хариуцлага тооцолгүй өдий хүрч байна.

Өөрөөр хэлбэл, 2024 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан “Эмийн сонсгол” ямар ч үр дүнгүй, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн ажиллагаа болсны илрэл нь энэ юм.

Өнөөгийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тухайн үед “Түвшин-Энэрэл” ХХК-ийнхан хөлдсөн “Пантоген” гадаадаас авчраад, гэсгээгээд буцаагаад шинжилгээнд оруулсан. Хөлдсөн дуслын шингэнээ буцаагаад тэнцүүлчхэж байгаа шүү дээ. Үүнд хариуцлага хүлээлгэсэн үү, эмийн агентлаг” хэмээн асуусан. Хэнд ч хариуцлага тооцоогүй өнгөрсөн  юм даг.

Магадгүй тухайн үеийн УИХ-ын сул гишүүн Ж.Чинбүрэн дахин сонгогдох “нүхээ малтаж” энэ сонсголын үеэр чанга дуугарсан биз. Өнөөдөр хүссэндээ хүрчхээд, бүр салбарыг нь удирдахаар хамгийн дээр нь зөвлөхтэйгөө хамт сандайлж суучихаад буй ч хэн нэгэнд хариуцлага тооцолгүй удлаа. 

Эмийн сонсгол үнэхээр үр дүнтэй ажиллагаа болсон бол хөлдүү дуслын шингэнийг эрүүл мэндэд тэнцүүлсэн байцаагч Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт албан тушаал дэвшин ажиллахгүй байсан биз. Хөлдүү бүтээгдэхүүн хилээр оруулж ирж, зарсан эм ханган нийлүүлэх байгууллагынхны тусгай зөвшөөрлийг цуцлах хэмжээнд асуудал яригдах ёстой байв. Харамсалтай нь, эм ханган нийлүүлэх байгууллага болон ЭМЯ-ны Хүний эмийн салбар зөвлөл, ЭЭХХЗГ-ынхны дунд “цус ойртолт” маш их, бие биенээ хэрсэн ашиг сонирхлын зөрчил өндөр учраас тэгсхийгээд мартагддаг юм билээ.

Жишээлбэл, хуурамч, чанаргүй эм үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт ордог орны нэг болох Энэтхэгээс тарилгын шингэн цүнхэндээ хийж авчраад борлуулсан эм ханган нийлүүлэгч нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагын буруутай үйл ажиллагаанаас нэг бус хүн мэлмийгээ алдсан. Шүүхээс тухайн удирдах албан тушаалтныг буруутайд тооцож ял шийтгэсэн байдаг. Гэтэл өнөөдөр аж ахуйн нэгж нь юу ч болоогүй мэт эм, тарилгын шингэн, нүдний дусаалга худалдсаар буй билээ. Хууль журам нь шударгаар үйлчилдэг оронд бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нь цуцлах нь ойлгомжтой.

Уг сонсголыг үр дүнд хүрээсэй хэмээн АТГ-ын албаны дарга Ц.Шинэбаяр тухайн үед хэлж байсан юм. Тэрбээр “Эрүүл мэндийн, эм зүйн салбар ашиг сонирхлын зөрчилтэй, цус ойртсон гэдгийг АТГ удаа дараагийн шалгалтаараа гаргаж ирж байсан. Эмийн сонсгол нийгэмд нэлээд цочроо өгч байгаа. Ингэж яриад орхилгүйгээр “буглааг нь шахаж” нэг мөсөн цэвэрлэж авахгүй бол үр дүнгүй. Өмнөх туршлагуудаас харахад аливаа зүйлийг гаргаж ирсэн ч тэгсхийгээд орхивол улам даамжирдаг” хэмээж байсан юм.

Даамжирч буй нь ч ЭЭХХЗГ, Хүний эмийн зөвлөл зэргийн өнөөгийн цус ойртсон, танил талдаа үйлчилсэн, хэн нэг “хурган” дарга нь өөрийнхөө эрх ашигт зохицуулсан хууль “төрүүлэх” гэж зүтгэж буй үйлдэл зэргээс илэрхий байна.

Жишээ нь, нэр дурдсан газруудад болон хөндлөнгийн шинжээч нэртэй цөөн хэдэн хүнтэй танил талтай нь аж ахуйн нэгжийнхэн 10 гаруйхан хоногийн дотор эм, бэлдмэлээ шинжлүүлж, эмчилгээнд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гаргуулчихдаг. Үүнийхээ хөлс, шан харамжид “iPhone-17” загварын гар утас бэлэг болгон авч буй албан тушаалтан ч байгаа гэлцэх.

Танил талгүй, хээл хахууль өгдөггүй нь хэчнээн сар хүлээгээд ч бүтээгдэхүүндээ зөвшөөрөл авч чадахгүй байх явдал гарч буй нь үүнийг илтгэнэ.

ҮАБЗ-ИЙН ГИШҮҮД ЭМИЙН САЛБАРТ АНХААРЛАА ДАХИАД ХАНДУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ

Монгол хүний эрүүл мэндийн аюулгүй байдал алдагдаж, чанаргүй эм, бэлдмэл хэрэглэх болсонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн гишүүд анхаарлаа хандуулахгүй бол болохгүй нь. Өдгөө тархаад буй, цаашид дэгдэх эрсдэлтэй элдэв өвчин, вирусний гаралтай ханиад, томууг эдийн засагтаа хохиролгүй даван туулахын тулд эмийн чанарыг сайжруулж, аптекуудаар зарж байгаа бүх “хулхи” эмийг хурааж устгаад зогсохгүй тэдгээрийг импортлогч, түгээгчдийн зөвшөөрлийг цуцлан, өндөр хэмжээний торгуулийн арга хэмжээ авах ёстой. Мөн олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн эм, эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь албан ёсоор нэгдсэн байдлаар оруулж ирж, нэг үнээр худалдан борлуулдаг болох ёстой. Улс үндэстний халдашгүй байдал бол эрүүл мэнд. Тиймээс хүний амь, эрүүл мэндийг хуурамч эмээр хохироон хордуулж байгаа эмийн сан, эм хангах нийлүүлэх байгууллага зэрэгт хариуцлага тооцох хатуу чанга бодлого хэрэгтэй гэсэн байр суурийг олон нийтийн сүлжээнд цөөнгүй хүн илэрхийлсээр байна. Өдгөө ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг болсон УИХ-ын дарга Н.Учрал хэдхэн жилийн өмнө эмийн чанар, аюулгүй байдлын талаар цөөнгүй ярьж байсныг уншигчид мартаагүй.

Жилдээ 8.6 тн эм идэж, тариа биедээ шахуулдаг монголчуудын дунд элдэв өвчин тусаад эмчилгээ үр дүнгүй, эдгэрэх нь удаан байгаа нь чанартай нь шууд холбоотойг бүгд хүлээн зөвшөөрнө. Харин чанаргүй эмийг ЭМЯ-ны харьяанд байх Хүний эмийн зөвлөлийнхөн, ЭЭХХЗГ-ын хяналгүй бүртгэлд оруулах, түүнийг нь ашиглаад эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд импортлох эрсдэл өндөр.

Учир нь дээр өгүүлсэн “Эмийн сонсгол”-ын үеэр Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50, эм ханган нийлүүлэх байгууллагын 28, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын албан тушаалтны хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд байна гэдгийг танилцуулсан.

Тухайлбал, ЭМЯ-ны 110 албан тушаалтны 97 буюу 88.1 хувь нь эм хангамжийн хамаарал бүхий аж ахуйн нэгжтэй гэдэг нь илэрхий болсон. Тухайлбал, гэм буруутай, эсэхийг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэхээр товлосон ч шийдвэрлэж чадахгүй удааширч буй нэгэн хэрэг бий.

Нөхөр нь болох Ч.Баяр ЭЭХХЗГ-т албан тушаалтан асан, эхнэр Б.Жавзан нь АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн багш. Хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр тэд эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл гаргасныг АТГ-ынхан мөрдөн шалгалтаараа тогтоосон юм даг. Энэ бол зөвхөн нэг л жишээ. Үүнээс Монголын эм үйлдвэрлэгч, импортлогч томоохон аж ахуйн нэгжүүд хоорондоо хэлхээ холбоотой, ЭЭХХЗГ-т тэдний элч төлөөлөгч, “тавиул”-ууд нь ажилладаг нь илэрхий. Тэдний нэг хэсэг нь төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр ч цалинждаг, тавиулсан аж ахуйн нэгжүүдээсээ ч ямар нэг байдлаар хишиг хүртдэг нь лавтай. Ийм байхад иргэд чанартай, тогтсон үнэтэй эм, тариа хэрэглэнэ гэдэг зангууны үлгэр биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.