Инфляц

Бодлогын хүү

Зураач А.Уянга: Хүмүүсийн илэрхийлэхээс цэрвэдэг хаалттай сэдвээр зоригтой зурдаг

Зураач А.Уянга, А.Ганцэцэг нарын “Хязгааргүй” хэмээх үзэсгэлэн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын М арт галерейд дэлгэгджээ. Тус үзэсгэлэнд уран бүтээлчдийн сүүлийн хугацаанд бүтээсэн 30 орчим уран зураг багтаж байгаа юм.

Зураач А.Уянгын хувьд гурав дахь үзэсгэлэнгээ нээсэн нь энэ бөгөөд монголын бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүдийн хөргийг бүтээснээ анх удаа олны хүртээл болгож байгаа аж. Түүний эротик өнгө аяс бүхий зургууд ч үзэгчдийн нүдийг хужирлаж байлаа. Ингээд зураач Инга буюу А.Уянгатай ярилцлаа.

Бизнес эрхлэгчдийн хөргийг сайхан зуржээ. Хөрөг зурна гэдэг хэцүү жанр санагддаг. Зорин ирсэн үзэгчдийн сэтгэгдэл хэр байна?

-Монголын бизнесийн салбараас хүндэтгэж явдаг эрхмүүдийн хөргийг цувралаар урлаж байгаа юм. Миний хувьд тухайн хүнийг өөрийнхөөрөө буулгасан маань энэ, үзэсгэлэнд ирсэн зочид энэ хүмүүсийн нүдийг их чадварлаг гаргажээ гэж магтацгаасан нь надад их урам өглөө. А.Ганцэцэг найзтайгаа хамтран гаргаж байгаа энэ үзэсгэлэнгээс уран зураг сонирхогчид бидний сэтгэлгээний хэв маяг, өнгө төрхийг олж харах байх аа.

Та өөрийнхөө хөргийг хэд хэдэн янзаар зурсан нь өвөрмөц санагдлаа. Яагаад өөрийгөө зурах болов?

-Эмэгтэй хүний эрх чөлөө, бие даасан байдлыг зоригтой илэрхийлэхийн тулд өөрийгөө модель болгож ашигладаг гэх үү дээ. “Дээгүүр” хэмээх зургандаа өөрийгөө дүрсэлж, эмэгтэй хүний үтрээг онцолсныг анзаарсан байх. Хүн болгон илэрхийлэхээс цэрвэдэг хаалттай сэдвийг өөр дээрээ буулган илэрхийлж байгаа маань уран бүтээлчийн зориг, миний онцгой өнцөг гэж боддог.

Хөргөөс гадна нүцгэн зургууд өвөрмөц юм. Эротик илэрхийлэмжийг зоригтой гаргах болсон шалтгаан юу вэ?

-Миний ялгарах нэгэн өнцөг ч байж болох юм. Эротизм гэхээсээ илүү гоо зүй юм даа. Дэлхийн сонгодог уран зургууд хэзээнээсээ хүмүүний бие бялдарын уран сайхныг илэрхийлж ирсэн, энэ бол хүн төрөлхтөний сонгодог суурь байдаг.

Энэ нүцгэн эмэгтэйчүүд бүгд их өөр өөр өнцгөөр дүрслэгджээ?

-“Мөнгөнд шумбасан эмэгтэй”-г би эмэгтэй хүний хязгааргүй эрх чөлөөн доторх эд баялгын хүчийг билэгдэж зурсан бол монгол дээл нөмөрсөн бүсгүй С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжигт зориулагдсан. Сүүлд “Талст” худалдааны төвийн захирал Ү.Батбилэг гэргийнхээ нүцгэн хөргийг захиалан зуруулсан нь үзэсгэлэнгийн бас нэгэн сонирхолтой өнгө байлаа.  “35 жилийн хайр” нэртэй энэ бүтээл их сайхан гэгээн түүхтэй л дээ. Захиалагч маань олон жилийн өмнө ханийнхаа нүцгэн зургийг гар утсаараа санаандгүй дараад хадгалснаа 35 жилийн ойдоо зориулан бүтээл болгоод гэргийдээ сюрприз барилаа.

Энэ түүх шиг өөртөө зориулан дахин давтагдашгүйг зуруулах захиалгууд ер нь их ирдэг үү?

-Анх би өөртөө зориулж зурдаг байлаа. Миний сэдэв, миний өнгө аяс хүмүүст таалагдаад зургаа зараач гэсэн саналууд ирээд борлуулж эхэлсэн. Гэхдээ мөнгө гэхээсээ илүү авах гэж байгаа хүний сэдэл хандлага, эрмэлзлийг чухалчилж хармаар санагддаг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр хөрөг зургийн захиалга нэлээд ирлээ. Хөрөг зурахдаа би тухайн хүний мөн чанарыг, хувь хүний дотоод оршихуйг тусгахыг л ихэд чухалчилдаг.

-Ярилцсанд баярлалаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.