УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.10.10/ хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг дагасан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Бүлгийн хурлаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөл, түүнийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж гишүүд дэмжлээ. Энэ долоо хоногийн мягмар гаригт Төсвийн байнгын хороо, пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Засгийн газраас өргөн барихдаа 2023 оны төсвийг дагаж нийт 102 хуулийн төсөл оруулж ирсэн. Үүнд, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хууль гэсэн хоёр том хууль орж ирж байна. Эдгээр хуультай холбоотой 82 хууль дагалдаж орж ирсэн” гэв. Мэдээллийн үеэр Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуулиудын ялгааг тодруулсан сэтгүүлчийн асуултад бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариулахдаа “Нэгдүгээрт, одоо бид хяналтын нэгдсэн тогтолцоотой байгаа. Энэ нь МХЕГ дээр аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоогоор явж байна. Засгийн газар одоо явж байгаа энэ тогтолцоо болохгүй байна. Иймээс 13 хяналтын тогтолцоог салбарын сайдад нь өгье гэж үзсэн. Үндсэндээ мэргэжлийн хяналтуудыг салбар салбарт нь өгч байгаа.
Хоёрдугаарт, Засгийн газарт ерөнхий хяналтын чиг үүрэг гүйцэтгэх ажлыг ЗГХЭГ-т байлгая гэдэг хууль орж ирсэн. Өөрөөр хэлбэл, сайд нар нь хяналтын үүргээ явуулахдаа салбарын хяналтуудад хөндлөнгийн хяналт тавих, иргэд аж ахуй нэгж байгууллагуудын хяналтын байгууллагуудтай холбоотой өргөдөл, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилготой хөндлөнгийн агентлагийг Засгийн газар байгуулж ажиллуулах нь зүйтэй гэдэг чиглэлээр хяналтын тогтолцоог өөрчлөх хуулийн төслүүд орж ирсэн” гэв.
Нийт сэтгэгдэл (0)