Инфляц

Бодлогын хүү

Монгол, Беларусийн автотээврийн зөвлөлдөх уулзалт болов

Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хоёр талын автотээврийн зөвлөлдөх уулзалт 2022 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотноо  амжилтай болж өндөрлөв.

Уулзалтад Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Беларусийн талаас Тээвэр, дэд бүтцийн яамны Автотээвэр ба хотын зорчигч тээврийн газрын дарга А.И.Гладкий нарын ахалсан бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож, Монгол, Беларусийн хооронд хийгдэж буй ачаа, зорчигч тээврийн статистик мэдээ болон тээвэрлэлтийн нөхцөл байдал, тээвэрлэлтэд гарч буй хүндрэл бэрхшээл, зөвшөөрлийн бичгийн системийн талаар хэлэлцэв. Монголын талаас манай тээвэрчдэд тулгарч буй зөвшөөрлийн бичигтэй холбоотой хяналт шалгалтын асуудлаар анхаарч үзэх, Монгол Улс "Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр"-т нэгдэн орсонтой холбоотойгоор тахографын төхөөрөмжийг нийлүүлэх, ашиглах,  жолооч нарын картын мэдээллийг бүрдүүлэх, чип болон картыг боловсруулж тээвэрчдэд олгох, хяналтын байцаагч нарыг сургаж, дадлагажуулах саналуудыг тавьж хамтарч ажилахаар болов.

Мөн Беларусийн автотээвэрчдийн холбоо-БАМАП-ын үйл ажиллагаатай танилцаж, даатгалын байгууллагуудтай хамтарч ажиллах, ногоон картын системийг монголын тээвэрчид ашиглах боломжийг бүрдүүлэх талаар ярилцаж, жолооч нарын визийг богино хугацаанд хэрхэн авах талаар хийж буй ажлын туршлагыг судлав. Түүнчлэн олон улсын тээвэрлэлтийн гол замнал болоод байгаа Беларусь-Литовийн хилийн Каменный лог боомтод очиж, Европоос ирж буй ачааны тээвэрлэлт болон ачаатай чиргүүл солилцох, сэлгэх ачих терминалын үйл ажиллагаа, олон улсын тээврийн нөхцөл байдалтай танилцаж, цар тахлын үед улс хоорондын тээврийг зохион байгуулж буй туршлага солилцон, хамтарч ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцав. Беларусийн талаас алдарт МАЗ үйлдвэрийн автомашин угсарч буй шугам, үйлдвэрийн үйл ажиллагаа, Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой автомашин, автобусны талаар танилцуулав. Беларусийн тал автозамын хяналт шалгалт, даац хэтрүүлэлтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцооны талаар газар дээр нь тодорхой танилцуулга өгөв. Зөвлөлдөх уулзалт хоёр талын харилцан ойлголцол, найрсаг харилцаа, нөхөрсөг уур амьсгалд боллоо.

Эх сурвалж: ЗТХЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.