Инфляц

Бодлогын хүү

Херсонд нөхцөл байдал хүнд байгааг Оросын командлагч хүлээн зөвшөөрөв

Херсон хотод нөхцөл байдал хүнд байгааг Украин дахь Оросын зэвсэгт хүчний командлагч хүлээн зөвшөөрчээ.

Украины арми HIMARS зэвсгээр хотын дэд бүтэц, иргэний байгууламжуудад тасралтгүй цохилт өгч буйг генерал Сергей Суровикин өчигдөр Оросын төв телевизээр ярьсан байна.

“Оросын арми юуны түрүүнд Херсон хотын хүн амыг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд анхаарах болно” гэж тэр хэлжээ.

Херсон бол дайны эхэн үед Оросын цэрэгт эзлэгдсэн Украины анхны том хот болж байв.

Сүүлийн өдрүүдэд Украины арми энэ хотын чиглэлд идэвхтэй давшиж байгаа. Тухайлбал Днепр мөрний дагуу өмнө зүгт 30 км түрж орсноор Оросын олон мянган цэрэг бүслэгдэх эрсдэлд орсон тухай мэдээ фронтоос ирж байна.

“Цэргийн тусгай ажиллагааны бүс дэх нөхцөл байдлыг бүхэлд нь хурцадмал гэж хэлж болно” гэж генерал Суровикин өчигдөр дүгнэжээ.

Херсон мужийн Оросоос томилогдсон захирагч Владимир Сальдо өчигдөр хийсэн видео мэдэгдэлдээ Днепр мөрний баруун эргээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгааг мэдээлсэн юм.

Херсон бол ОХУ-ын саяхан өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн бүс нутгийн нэг юм. Херсон хот нь одоогоор Оросын цэргийн хяналтад байгаа Украины цорын ганц мужийн төв.

Генерал Суровикинийг саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн тусгай ажиллагааныхаа ерөнхий командлагчаар томилж байв.

Байлдааны харгис арга тактик хэрэглэдгээрээ алдартай Суровикинийг “генерал Армагеддон” хэмээн хочилдог гэсэн мэдээлэл бий.

Тэрбээр өмнө нь Чеченийн дайнд оролцож, Сири дэх ОХУ-ын армийн ажиллагааг удирдаж байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.