Инфляц

Бодлогын хүү

Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан энэ сарын 27-нд болно

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдаан энэ сарын 27-нд болохтой холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь руйг хүлээн авч уулзлаа.
 

Тус комиссын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор бэлтгэл ажлыг хангаад буй бөгөөд манай улсын талаас хэд хэдэн санал тавих гэж буй талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
 
Тэрбээр “Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эх үүсвэрийг БНХАУ руу экспортлох, Замын-Үүдийн чөлөөт бүсийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх гурван улсын хамтарсан ажлын хэсэг байгуулах зэрэг хэд хэдэн тодорхой асуудлаар санал тавихаар бэлтгэж байна” хэмээв.
 

 

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдаанаар хоёр улсын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх, илүү ойр дотно хамтран ажиллах боломжийг бий болгохын төлөө санаачилгатайгаар хамтран ажиллаж буйд Элчин сайд Цай Вэнь руйд талархаж байгаагаа илэрхийллээ.
 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь руй “Танай улсын талаас тавьж буй саналыг дамжуулах болно. ОХУ-аас Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн төслийн асуудлаар гурван улсын удирдагч нар хэлэлцэж, нааштайгаар хүлээн авсан талаарх мэдээлэл надад ирсэн” гэлээ. 
 

 
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн алба

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.