Ойрхи Дорнод дахь Ираны холбоотон бүлгүүдийг няцаах Пентагоны төлөвлөгөөний хүрээнд АНУ-ын цэргийн баазуудыг довтолгооны нисгэгчгүй онгоцоор тоноглох гэж байна. АНУ "Replicator" буюу Хятадын эсрэг байрлуулсан довтолгооны дронуудыг хөгжүүлдэг хөтөлбөрөө өргөжүүлж буйг Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Даваа гаригт мэдэгдэв.
"Replicator" хөтөлбөрийн шинэ үе хамгаалалтын дронуудыг дотооддоо болон гадаадад байрлуулахад чиглэнэ.
Сүүлийн саруудад Ойрхи Дорнод дахь АНУ-ын баазууд Ирантай холбоотой бүлгүүдийн дроны цохилтод хэд хэдэн удаа өртсөн. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Йордан дахь бааз цохилтод өртөж, гурван цэрэг амиа алдсан. Хамгийн сүүлд өнгөрсөн Ням гаригт зүүн Сири дэх Дейр Эззор бааз цохилтод өртөв. Энэ цохилтын хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна.
АНУ-ын хүчин "амиа хорлогч" гэх байнд хүрмэгцээ дэлбэрдэг дронуудын эсрэг төрөл бүрийн хамгаалалтын системтэй. Одоо идэвхтэй ашиглаж байгаа нь электрон саатуулах төхөөрөмж болон нисэх онгоц эсэргүүцэгч машинт буунууд юм.
Ллойд Остины мэдэгдлээс харвал ойрын жилүүдэд АНУ-ын баазуудын эргэн тойронд дроны тулаан энгийн үзэгдэл болох магадлалтай юм.
АНУ-ын Тэнгисийн цэргийн баазуудын эргэн тойронд ч хамгаалалтын дронууд байрлуулж магадгүй. Гэхдээ байрлуулах магадлалтай баазуудын жагсаалт хараахан гараагүй байна.
Хөтөлбөрийн шинэ үеийн санхүүжилтыг шийдвэрлэхээр Пентагон гуравдугаар сард Конгресст хүсэлт гаргажээ. Хүсэлтийг шийдвэрлэсэн даруйд үйл ажиллагааг эхлэх аж. Эхний дронуудыг хоёр жилийн дараа гэхэд байршуулна. Газын зурваст мөргөлдөөн эхэлснээс хойш Ойрхи Дорнод дахь америк цэргүүдийг хамгаалах нь Пентагоны тэргүүлэх чиглэлүүдийн нэг болоод байна.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Нийт сэтгэгдэл (0)