Баруун Африкийн Буркина Фасо улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд цэргийн эргэлт гарч, өмнөх цэргийн дарангуйлагчийг төрийн тэргүүний суудлаас зайлуулсан юм.
Энэ оны нэгдүгээр сард засгийн эрхийг авсан дэд хурандаа Пол-Анри Сандаого Дамибагийн дэглэмд сэтгэл дундуур байсан хэсэг залуу офицерууд төрийн эргэлтийг санаачилсан байна.
Тус улсад долоон жил үргэлжлэхдээ олон мянган хүний амийг хөнөөж, хоёр сая шахуу хүнийг орон гэргүй болгосон жихадистуудын бослогыг дарж чадаагүй Дамибад бухимдсан офицерууд ийнхүү төрийн эрхийг булаажээ.
Төрийн эргэлтийг гүйцэтгэсэн офицеруудын нэг болох ахмад Траоре өнгөрсөн Лхагва гарагт өөрийгөө Буркина Фасо улсын ерөнхийлөгчөөр зарласан байна.
Ингэснээр 34 настай Траоре дэлхийн хамгийн залуу төрийн тэргүүн болж байгаа юм. Түүнээс хоёр насаар ах Чили улсын ерөнхийлөгч Габриэл Борич өмнө нь энэ алдрыг зүүж байжээ.
Өмнө нь дэлхийд төдийгүй эх орондоо олонд танигдаагүй байсан Траорегийн зураг хөрөг өнөөдөр нийслэл Угадогу хотын гудамж талбайд дүүрэн байна.
Тус хотын төв зах зээр Траорегийн хөргийг Буркина Фасогийн алдартай удирдагч агсан Томас Санкара, Есүс Христ нарын хөрөгтэй зэрэгцүүлэн худалдаж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Залуу ерөнхийлөгч Буркина Фасо улсын баруун хязгаарт мэндэлсэн бөгөөд 2010 онд цэрэгт татагдахаасаа өмнө геологийн мэргэжлээр суралцаж байсан гэнэ.
Улсдаа хоёрт жагсдаг Жорж Намонаогийн цэргийн сургуулийг дүүргэснийхээ дараа Траоре хэдэн жилийн турш жихадистуудтай тулалдаж байжээ. Энэ үеэр тэр сахилга бат, эр зоригоороо алдаршиж байсныг ойрын хүмүүс нь мэдээлсэн байна.
2018 онд тэр бас хөрш Мали улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байжээ.
Дамибагийн дэглэмийн жихадистуудтай явуулж буй тэмцлийг шүүмжилсэн Траоре хэсэг нөхдийн хамт хэд хэдэн удаа нийслэл Угадогу хотод ирж, хүсэлт шаардлагаа хүргэсэн байна. Гэвч эрх баригчид тэдний шаардлагыг үл хэрэгссэн тул төрийн эргэлт хийхэд хүрчээ.
Аль Кайда, Исламын Улс зэрэг олон улсын террорист байгууллагуудтай холбоотой жихадистууд 2015 оноос хойш хөрш Мали улсаас Буркина Фасод халдаж, багагүй хэмжээний газар нутагт хяналтаа тогтоогоод байгаа.
Траоре өмнөх ерөнхийлөгчийн найман сарын хугацаанд хийж чадаагүй зүйлийг гурван сарын дотор гүйцээхээ амлаж байна.
Францын колони байсан Африк тивийн орнуудад сүүлийн жилүүдэд Оросын нөлөө нэмэгдэж байгаа.
Траорег дэмжигчид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр Оросын далбааг намируулж, Францын эсрэг үзэлтэй уриа хашхирч байсныг гэрчүүд мэдээлж байна.
Эх сурвалж: AFP
Нийт сэтгэгдэл (0)