Даваа гарагт Оросын зэвсэгт хүчний Украины хотууд руу харвасан далавчит пуужингуудын зарим нь хөрш Молдова улсын агаарын хилд нэвтэрсэн байна.
“Хар тэнгис дэх Оросын хөлөг онгоцнуудаас Украин руу харвасан гурван пуужин Молдовын агаарын хилд нэвтэрсэн байна” гэж тус улсын гадаад хэргийн сайд Нику Попеску өчигдөр твиттер хуудсандаа бичжээ.
Молдовын засгийн газар болсон явдлын талаар тус улс дахь ОХУ-ын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлж, тайлбар шаардахаар болсон байна.
Попеску бас Украины олон хотод Оросын талаас пуужингийн цохилт өгсөн явдлыг буруушааж, энэхүү харгис аллагын хохирогчдын араас эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлжээ.
Молдова бол Украины нэгэн адил Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байгаад тусгаар тогтносон улс юм.
Одоо тус улсыг Өрнөдийн талыг баримтлагч засгийн газар удирддаг. Өнгөрсөн зун Брюсселийн эрх баригчид Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцлийг дэмжиж буйн илэрхийлэл болгон Украин, Молдова улсуудад Европын Холбооны гишүүнд нэр дэвшигчийн статус олгосон юм.
Молдова улсын газар нутгийн багахан хэсэг болох Транс-Днестрийн бүс нутаг Оросын эрх баригчдын дэмжлэгтэйгээр салан тусгаарласан байдаг. Одоо тус бүс нутагт ОХУ-ын 1,400 орчим цэрэг тогтмол байрладаг юм.
Эх сурвалж: Aljazeera
Нийт сэтгэгдэл (0)