Цэргийн дайчилгаанаас зугтсан Оросын иргэд бүх боломжоо ашиглан гадаад улс орнууд руу дүрвэсээр байна.
Тэгвэл Өмнөд Солонгосын KBS телевиз ОХУ-ын нийт 21 иргэн завиар тус улсын өмнөд боомтуудад ирээд саатуулагдсан тухай өчигдөр мэдээлжээ.
Эрх баригчид тэдгээрийн хоёрт нь хилээр нэвтрэх эрх өгөөд бусдыг нь зорилго тодорхойгүй шалтгаанаар буцаахаар болсныг мэдээлсэн байна.
ОХУ-ын Владивосток хотоос гарсан таван хүнтэй завь есдүгээр сарын 30-нд Өмнөд Солонгосын Уллын аралд ирсэн гэнэ.
Үүнээс гадна ижил замаар ирсэн гурван завь Похан хотын боомтод саатуулагдаад олон хонож байгаа ажээ. Тэдгээрийн нэг завиар есөн эрэгтэй, нэг эмэгтэй ирсэн юм байна. Харин жижиг хэмжээтэй өөр нэг завиар дөрвөн эрэгтэй иржээ.
Завиар ирсэн оросууд голдуу 20-30 насны залуус байгаа гэнэ.
Саатуулагдсан завинуудыг бороо уснаас хамгаалах хучлагаар хангаж, дүрвэгчдэд хоол хүнс өгсөн тухай Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын алба мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
Нийт сэтгэгдэл (0)