Инфляц

Бодлогын хүү

Оросын тал Украины Херсон мужаас иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

Украины армийн довтолгоо эрчимжиж байгаатай холбоотойгоор иргэдээ нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг ОХУ-аас томилогдсон Херсон мужийн захирагч Владимир Сальдо гаргажээ.

Тэрбээр “амрах, суралцах” зорилгоор ОХУ-д очиж, “амиа аврах”-ыг нутгийн иргэдэд уриалаад үүнд туслахыг Москвагийн эрх баригчдаас хүссэн байна.

Украины агаарын цохилтод Херсоны олон хот тосгон өртөх аюултай болсон тул мужийн бүх иргэдийг, ялангуяа Днепр мөрний баруун эрэгт оршин суудаг хүмүүсийг яаралтай ОХУ болон Крымийн хойг руу нүүхийг тэр зөвлөсөн юм.

Сүүлд ОХУ-ын засгийн газрын шадар сайд Марат Хуснуллин төв телевизээр ярихдаа Сальдогийн уриалгыг дэмжиж, арга хэмжээ авснаа мэдэгджээ.

“Засгийн газар Херсон мужийн оршин суугчдыг манай орны бусад бүс нутгууд руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо. Бид орон байр болон бусад бүх шаардлагатай зүйлсээр хангах болно” гэж тэр ярьсан юм.

Херсоны иргэдийн эхний хэсгийг өнөөдөр буюу Баасан гарагт ОХУ-ын Ростов мужид хүлээж авахаар болсныг тус мужийн захирагч Василий Голубев ТАСС агентлагт ярьжээ.

“Ростов муж Херсоноос ирсэн бүх хүмүүсийг хүлээж авч, байрлуулахад бэлэн” гэж тэр хэлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд Украины арми Херсон мужийн баруун хойд нутгаас Оросын цэргийг ухрааж, мужийн төв Херсон хотод ойртож ирсэн тухай Киевийн засгийн газар мэдээлж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.