Бямба гарагийн өглөө Украинтай хил залгадаг ОХУ-ын Белгород мужийн цэргийн сургалтын талбайд буудалцаан болох үеэр дайчилгаанд хамрагдсан алба хаагчдаас 11 хүн алагдаж, 15 хүн шархадсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн билээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам халдлага үйлдэгч хоёр алба хаагчийг хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсын иргэд байсныг мэдээлсэн юм.
Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Олексий Арестович тэднийг Тажикистаны иргэд байсан ба шашин шүтлэгтэй холбоотой маргааны улмаас бусад руугаа гал нээсэн гэж Ням гарагт мэдээлжээ.
Одоогоор түүний өгсөн мэдээллийг бусад эх сурвалжууд батлаагүй байна. Арестович нь Украины дайны явцын талаар гадаад ертөнцөд мэдээлэл өгдөг Киевийн засгийн газрын гол эх сурвалж юм.
Оросын зарим хэвлэлүүд буудалцааны үеэр амиа алдсан алба хаагчдын тоог албаныхны өгсөн тооноос илүү олон болохыг мэдээлж байна.
Белгород мужийн захирагч Вячеслав Гладков алагдаж, шархадсан хүмүүсийн дотор орон нутгийн иргэд байгаагүйг баталжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсад үргэлжилж буй цэргийн хэсэгчилсэн дайчилгааг хоёр долоо хоногийн дараа зогсоох төлөвлөгөөтэй байгаагаа Баасан гарагт мэдэгдсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт бас Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хоёр улсын хамтарсан зэвсэгт хүчний ангийг Украины хилийн орчимд байрлуулахаар болсныг зарлаж байв.
Тэрбээр үүнийгээ Украин болон Өрнөдийнхний үйлдэж болзошгүй халдлага довтолгооноос Беларусийг хамгаалах зорилготой гэж тайлбарласан юм.
Зарим ажиглагчид үүнийг Беларусь улс Украины хойд талаас довтолж, шинэ фронт үүсгэх зорилготой байж болзошгүй хэмээн анхааруулж байгаа.
Ням гарагт Беларусийн батлан хамгаалах яам ОХУ-ын 9,000 хүртэл тооны цэрэг дээрх хамтарсан хүчний нэг хэсэг болж, тус улсад байрлахаар болсон тухай мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
Нийт сэтгэгдэл (0)