Монголбанк банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг тархаах, хөндлөнгийн хяналт, ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулж, банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор “Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”-ийг 2020 оноос эхлүүлэн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд системд нөлөө бүхий банкнуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих шаардлагыг холбогдох хууль тогтоомжид тусгасан.
Эдгээр банкнуудыг олон нийтэд хувьцаагаа гарган компанийн хэлбэрээ өөрчлөхөөс өмнө Монголбанкны санаачилгаар Активын чанарын хараат бус, хөндлөнгийн үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар үнэлүүллээ. Хараат бус үнэлгээг Бүгд Найрамдах Казахстан улсын “PricewaterhouseCoopers Tax & Advisory LLP” компани 2022 оны 6-8 дугаар сарын хугацаанд гүйцэтгэж, үр дүнгийн тайланг Монголбанканд ирүүлээд байна.
Өмнө нь банкнуудад хөндлөнгийн Активын чанарын үнэлгээ 2017 онд хийгдэж байсан бол ийнхүү 5 жилийн дараа дахин хийгдэж байна. Цаашид энэ төрлийн хөндлөнгийн үнэлгээг 5 жил тутамд хийж, үр дүнг мэдээлэх үйл ажиллагааг жишиг болгон хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Энэ удаагийн үнэлгээг өмнөх Активын чанарын үнэлгээнээс авсан сургамж, туршлагад тулгуурлан хэрэгжүүлсэн буюу зохицуулагч байгууллага болон үнэлгээнд хамрагдсан банкнуудын зүгээс үнэлгээний бэлтгэлийг сайтар хангаж оролцсоноор харьцангуй богино хугацаанд, илүү үр нөлөөтэй байдлаар гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж байна. Активын чанарын үнэлгээг олон улсад зээлийн эрсдэл, хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн хяналт шалгалтын хүрээнд нийтлэг мөрддөг аргачлал, зарчимд тулгуурлан Монгол Улсын банкны салбарын онцлогт нийцүүлэн хараат бус байдлаар амжилттай гүйцэтгэлээ.
Үнэлгээнд системд нөлөө бүхий 5 банкны нийт зээлийн багцын 70 орчим хувийг хамруулж, тэдгээрт харгалзах 300 барьцаа хөрөнгийн үнэлгээнд баталгаажуулалт хийгдсэн бөгөөд энэ нь харьцангуй өндөр хувьд тооцогддог. Өөрөөр хэлбэл, үнэлгээний хамрах хүрээ (70 хувь) нь Монголбанкнаас банкнуудад хийдэг газар дээрх шалгалтад хамруулдаг нийт зээлийн багцын жишигтэй нийцтэй байна.
Үнэлгээний ажил нь дараах 8 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ: (1) мэдээллийн иж бүрдлийн баталгаажуулалт, (2) түүвэрлэлт, (3) зээлийн хувийн хэргийн шалгалт, (4) барьцаа хөрөнгийн үнэлгээ, (5) өмчлөх бусад хөрөнгийн үнэлгээ, (6) бүлгийн эрсдэлийн сангийн шинжилгээ, (7) өөрийн хөрөнгийн тохируулга, болон (8) чанарын хяналт.
Үнэлгээ нь системд нөлөө бүхий банкнуудын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх актив хөрөнгөд хийгдсэн тул үр дүн нь мөн үеийн байдлаар гарч байгааг онцолж байна.
Үнэлгээний үр дүнгээр буюу тохируулга хийсний дараах байдлаар 22.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 0.05 хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт өөрийн хөрөнгийг төвлөрүүлэх шаардлагатай болж байна. Энэ нь өмнөх 2017 онд хийгдсэн Активын чанарын үнэлгээний үр дүнгээр гарч байсан 512 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 1.9 хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт өөрийн хөрөнгийн шаардлагатай харьцуулахад харьцангуй бага буюу нэмэлт өөрийн хөрөнгийг богино хугацаанд төвлөрүүлж, тайлан тэнцэлд тусгуулах боломжтой байна.
Эдгээр системд нөлөө бүхий банкнууд нь өмнөх активын чанарын үнэлгээнээс хойших хугацаанд:
Монголбанкны “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д заасан банкны нийт өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа 12.0 хувиас багагүй байх шаардлагатайгаас системд нөлөө бүхий банкнуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь Активын чанарын үнэлгээний үр дүнгийн тохируулгын дараа нэгдсэн байдлаар 14.5 хувь байна.
Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа 25.0 хувь байхаас Активын чанарын үнэлгээний үр дүнгийн тохируулгын дараах байдлаар 34.8 хувь байгаа нь зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг мөн хангаж байна.
Монголбанкнаас Активын чанарын үнэлгээний үр дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлон үр дүнгийн хамт Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар танилцуулж, банкнуудад хугацаат үүрэг даалгавруудыг өгсөн.
Эдгээр үүрэг даалгаврууд нь системд нөлөө бүхий банкнууд хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагааг үр нөлөөтэй хэрэгжүүлэх үндсэн зорилготой юм. Үүнд: шаардлагатай зээлүүдийн ангилалд өөрчлөлт оруулах, нэмэлт эрсдэлийн сан байгуулж санхүүгийн тайланд тусгах, зарим банканд өөрийн хөрөнгийг тогтоосон хугацаанд шаардлагатай хэмжээгээр нэмэгдүүлэх зэрэг үүрэг даалгаврууд багтаж байна. Банкнууд хувьцаагаа олон нийтэд санал болгохоос өмнө энэхүү тавьсан шаардлага, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлэх үүрэгтэй.
Активын чанарын үнэлгээг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хийж гүйцэтгэсэн тул цаашид дотоод болон олон улсад үүсэж болзошгүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд орох өөрчлөлтүүд нь банкны салбарын төлбөрийн чадварт нөлөөлөл үзүүлж болохыг анхаарах шаардлагатай.
Банкнууд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжсэнээр Монголбанкнаас хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна эдгээр банкнуудын үйл ажиллагаа, мэдээллийн үнэн зөв байдалд Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хадгаламжийн даатгалын корпораци хууль тогтоомжид заасны дагуу хяналт шалгалтаа давхар хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн нээлттэй хувьцаат компани хэлбэртэй банкнуудын зүгээс жил бүр аудитлагдсан санхүүгийн тайлангаас гадна банкны талаарх бусад илүү дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг олон нийтэд танилцуулах үүрэгтэй болж байгаа нь нөгөө талаас, банкны хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид болон олон нийтийн зүгээс тавих хяналтыг давхар нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
Цаашид Монголбанкнаас Санхүүгийн зохицуулах хороо болон бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран Банкны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг тухай бүр авч, банкны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, банкны салбарын шинэтгэлийг амжилттай үргэлжлүүлэхэд анхаарч ажиллана.
Эх сурвалж: Монголбанк
Нийт сэтгэгдэл (0)