Инфляц

Бодлогын хүү

Сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн эхэллээ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өчигдөр эхэллээ. Тус тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан энэхүү тэмцээн энэ жил дунд, ахлах гэсэн хоёр насны ангилалд явагдаж байгаагаараа онцлогтой.

Тэмцээний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Сурагчдыг бие бялдрын хөгжлөө сайжруулж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд нь туслахын тулд сургуулиудын орчныг сайжруулах, спорт заалтай болгох, сурагчдад нээлттэй байх боломжоор хангахад анхаарч ажиллаж байгаа” гэдгийг тодотгов.

“Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээний I шатанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 190 сургуулийн 940 багийн 9754 сурагч оролцсон бол шигшээ тэмцээнд 38 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгарчээ. Улмаар Хан-Уул дүүргийн лаборатори 115-р сургууль Нийслэлийн шилдэг сургуулиар тодорлоо.

115-р сургуулийн захирал С.Оюун “Нийслэлийн шилдэг сургуулиар шалгарсандаа туйлын баяртай байна. Бид сурагчдынхаа авьяас чадвар, бие бялдрыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж, багш нарынхаа заах арга, ур чадварын үр дүнд энэ амжилтад хүрлээ. Бидний энэ ажлыг болон хүүхдүүдээ үргэлж дэмжиж байдаг эцэг эхчүүддээ баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй тус тэмцээний гол зорилго багийн спортоор дамжуулан хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, тэдэнд хамтач үзэл санаа, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, гар бөмбөгийн спортоор хичээллэгч хүүхэд, багачуудын ур чадварыг нэмэгдүүлэх, тив, дэлхийд өрсөлдөх чадвартай тамирчин бэлтгэхэд оршдог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.