Өнөө цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин Леонел Месси тэргүүтэй аргентинчууд урд шөнө дэлхийн аваргын төлөө Францын шигшээ багтай гал гарсан финалын тоглолтыг толилууллаа. Өдгөө 35 настай Леонел Мессигийн хувьд энэ удаагийн ДАШТ карьерынх нь сүүлийн ДАШТ болж буйгаараа онцлогтой байв. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд Коппа Америкагийн аварга, Аваргуудын лигийн аварга, Испанийн Ла лиг, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гээд авч болох бүхий л цомыг авсан ч ганцхан дэлхийн аваргын “Алтан дагина” л үлдээд байсан юм.
Харин түүний эсрэг талд Францын залуу од Кильян Мбапе тэргүүтэй Францын гурван өнгөтнүүд өрсөлдсөн билээ. Францчууд 2018 оны ОХУ-д болсон ДАШТ-д түрүүлж, “Алтан дагина”-ыг өргөсөн. Энэ удаад түрүүлж чадвал хөлбөмбөгийн ДАШТ-д хоёр дараалж түрүүлсэн, Бразилаас (1954, 1958 он) хойших анхны баг болох байлаа. Францын залуу од Кильян Мбапегийн 2018 онд 19 насандаа дэлхийн аварга болсон. Энэ үзүүлэлтээрээ агуу Пелетэй харьцуулагдаж байгаа юм. Пеле 17 болон 21 насандаа хоёр дараалж дэлхийн аварга болсон бол франц залуу 19 болон 23 насандаа дараалан дэлхийн аварга болох уу гэх хүлээлт дэлхийн хөлбөмбөгийн фанатуудын анхаарлын төвд байв.
Тоглолтын эхний гоолыг Леонел Месси 11 метрийн торгуулийн цохилтоос нээсэн. Аргентины шигшээгийн зүүн жигүүрт гарч ирсэн Анхел Ди Мариа дээр Францын хамгаалагч Дембеле торгуулийн талбай дотор алдаа гаргаснаар Месси 23 дахь минутад тооны харьцааг нээсэн нь энэ.
Үүнээс хойш тоглолтын 37 дахь минутад Мессигийн эхлүүлсэн шуургалсан сөрөг довтолгоо Анхел Ди Мариагаар төгсгөл болж, тооны харьцаа 2:0 болсон. Үүнээс хойш Францын шигшээ багийн тоглолт алдагдаж, дамжуулалт болон довтолгоонууд нь оновчгүй болж эхэлсэн. Энэ янзаар явсаар хоёрдугаар үе эхлээд 80 дахь минутад Кильян Мбапе торгуулийн цохилтоос тооны харьцааг ойртуулснаар гурван өнгөтнүүдийн тоглолт илтэд сэргэсэн. Төд удалгүй буюу ердөө 97 секундын дараа Мбабе дахин гоолдсоноор тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Хоёр баг үндсэн цагт тэнцсэн тул нэмэлт цаг сунгасан. Нэмэлт цагийн эхний үе гоолгүй дууссан бол хоёрдугаар үед Леонел Месси, Кильян Мбапе нар 108 болон 118 дахь минутад дахин гоолдсоноор хөлбөмбөг сонирхогчдын цөсийг хөөргөлөө.
Ингээд үндсэн болон нэмэлт цагт хоёр баг 3:3-аар тэнцсэн тул торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяа шийдэгдэхэд 4:2-ын харьцаатайгаар Аргентины шигшээ баг ялалт байгууллаа.
“Катар-2022”:
Шилдэг тоглогч: Леонел Месси /Аргентин/
Шилдэг хаалгач: Эмилаино Мартинез /Аргентин/
Шилдэг залуу тоглогч: Энзо Фернандез /Аргентин/
Шилдэг довтлогч: Кильян Мбапе /8 гоол/
Ингэснээр Аргентины шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ.
Нийт сэтгэгдэл (0)