Инфляц

Бодлогын хүү

Иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг эхлүүллээ

Монгол Улсын хэмжээнд эхлүүлж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогооны нээлт Улсын хоёрдугаар төв эмнэлэгт болж байна.  

"Тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан,эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдах юм. 



Иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар зохицуулсан бөгөөд насанд хүрэгчид насны бүлгээс хамаарч үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, "зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ", "лабораторийн шинжилгээгээр: биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит В, С, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил", "багажийн шинжилгээгээр: зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийлгэж, эмчийн үзлэг, дүгнэлт, зөвлөгөөг авахаар товлосон.  

Харин 0-17 насны хүүхэд мөн насны бүлгээс хамаарч үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, "Хүүхдийн сэтгэхүйн хөгжил болон сэтгэц, зан үйлийн эмгэг, сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ”, "эмнэл зүйн үзлэгээр: биеийн хэмжилт, өсөлт, хөгжлийн үнэлгээ, нүдний хараа шалгах, амны хөндийн эрүүл мэнд”-ийн үзлэг хийж, дүгнэлт, зөвлөгөө авах боломжтой.     
Иргэд дараах 6 насны бүлгийн багцын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Үүнд:  

0-5 насны багц

6-17 насны багц

18-30 насны багц

31-45 насны багц

46-60 насны багц

61-ээс дээш насны багц

0-17 насны хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдах бөгөөд насанд хүрсэн даатгуулагчийн хувьд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн урилга, зохицуулалттайгаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас сонгох байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдана.

Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой, хүнд ээлтэй, нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлснээр хүн бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах тэгш боломж олгох, хувь хүний оролцоотой, нотолгоонд суурилсан сонголтыг бий болгож, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой. Ийнхүү 2022 оны 5-р сарын 01-ний өдрөөс орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах үйл ажиллагаа эхэлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.