Инфляц

Бодлогын хүү

ХСҮТ эмч, ажилчдадаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгожээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны наймдугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн. 

Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буй юм.

Эрүүл мэндийн салбарт хийгдсэн цогц шинэчлэлийн хэрэгжилт нь цаг хугацааны хувьд Коронавирусын цар тахлын үетэй давхцсан хэдий ч шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлжээ. Эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлсний үр дүнд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, урсгал засвар үйлчилгээг хийх асуудлыг төсвийн шууд захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна.

Салбарын шинэчлэлийн үр дүнг хэлэлцэх, цаг үеийн тулгамдсан асуудлаар санал солилцож, цаашид анхаарч ажиллах үүрэг чиглэл өгөх зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага болон Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны наймдугаар сарыг Эрүүл мэндийн  ажилчдын Нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарлаж байгааг мэдэгдсэн.

Сайд, Засгийн газраас 2022 оны I улиралд эрүүл мэндийн ажилчдын цалингийн доод жишгийг тогтоосон 107 дугаар тогтоолыг баталсны үр дүнд эрүүл мэндийн байгууллагууд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлж эхэлснийг сайшаан тэмдэглэв.



Тухайлбал, Эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн Хархорин суманд албан томилолтоор ажиллах үед эмнэлгийн удирдлага “эмч, ажилчдын үндсэн цалинг 10-25 хувиар нэмэгдүүлж, улирал бүр урамшуулал олгож байгаа” талаар танилцуулсан жишээг дурьдлаа.  

Мөн хурал дээр Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчдадаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчдадаа 500 мянган төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмсэн талаараа мэдээллээ.  

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн. Амгалан төрөх газар 2022 оны долоодугаар сарын 1 өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.