Хорт хавдрыг эмчлэх вакцин 2030 оноос өмнө бий болох боломжтойг Германы BioNTech компанийн үүсгэн байгуулагчид өчигдөр BBC сувагт ярьжээ.
Тус компани нь АНУ-ын Pfizer компанитай хамтран Covid-19 өвчний эсрэг хамгийн үр дүнтэй вакциныг бүтээсэн юм. Уг вакциныг бүтээхэд ашигласан mRNA технологи нь BioNTech компанийн оюуны өмч байв.
BioNTech компанийн үүсгэн байгуулагчид болох гэр бүлийн хоёр Угур Шахин, Озлем Тюрежи нар өчигдөр BBC’s Sunday нэвтрүүлэгт оролцохдоо коронавирусийн эсрэг вакцин бүтээхэд ашигласан mRNA технологийг хорт хавдрын эсрэг ашиглаж байгаа тухай ярьжээ.
mRNA технологид суурилсан хорт хавдрын вакцин хэзээ бэлэн болох боломжтойг хөтлөгч асуухад профессор Шахин “2030 оноос өмнө” гэж итгэлтэй хариулсан байна.
BioNTech компани цар тахал эхлэхээс өмнө mRNA технологийг хорт хавдрыг эмчлэхэд ашиглахаар судалж байжээ. Гэвч цар тахал тэднийг судалгаагаа шинэ коронавирусийн эсрэг чиглүүлэхэд хүргэсэн гэнэ.
Одоо тус компани хорт хавдрын эсрэг хэд хэдэн вакцины хувилбарыг турших шатандаа яваа юм байна.
Цар тахал тэдэнд mRNA төрлийн вакциныг хэрхэн түргэн үйлдвэрлэх, mRNA вакцинд хүний дархлааны систем ямар хариу үйлчлэл үзүүлдэг зэргийг ойлгоход маш их тус болсныг профессор Тюрежи ярьжээ. Тиймээс цар тахал хорт хавдрын эсрэг вакцин бүтээх ажлыг түргэвчлэхэд тус болсон байна.
Ижил төстэй арга технологиор коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн АНУ-ын Moderna компани энэ оны наймдугаар сард Pfizer компанийг оюуны өмчийн маргааны асуудлаар шүүхэд өгсөн юм.
Энэ талаар профессор Шахин ярихдаа “Манай инновац бол давтагдашгүй. Бид энэ технологийг бүтээхэд 20 жилийн судалгаагаа зориулсан. Тиймээс бид оюуны өмчөө хамгаалах болно” гэжээ.
Эх сурвалж: The Guardian
Нийт сэтгэгдэл (0)